/2021.10.01/: “ТЭРБУМ МОД” ТАРИХ АЖЛЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн хуралд үг хэлэхдээ Монгол улс 1 тэрбум мод тарих төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдэж олон хүний талархлыг хүлээсэн.
Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулаад байгаа. Тус уулзалтаар “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаа. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдсэн. Үүний дагуу “Тэрбум мод” тарих ажлыг Зэвсэгт хүчний алба хаагчид эхлүүлээд байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид ангийнхаа байрлалд чацарганын 400 ширхэг мод тарилаа.
Ганц ангийн байрлалаа ногоон төгөл болгох бус налайх дүүргийг ногоожуулах, моджуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд аравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд тус дүүргийн Цэнгэлдэх хүрээлэнд 500 гаруй мод тарихаар төлөвлөжээ.
Эх сурвалж: БХЯ