Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МЭДЭГДЭЛ гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МЭДЭГДЭЛ гаргалаа

/2021.09.30/: Нэр бүхий хэвлэлүүдэд төлбөртэй гарсан нийтлэлийг эсэргүүцэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдэгдэл гаргалаа. Та бүхэнд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна:

МЭДЭГДЭЛ

“Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонины 2021 оны есдүгээр сарын 13-ны өдрийн дугаарт “Будилаантай шүүгчид, бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ” “Өдрийн сонин”-ы 2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн дугаарт “Хуудуутай шүүгчдийн гаргасан хуйвалдаантай шийдвэрийг таслан зогсооё” гарчигтай шүүхийн шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нэр бүхий шүүгчид рүү чиглэсэн, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, тэдний ажил хэргийн нэр хүндэд халдсан утга агуулга бүхий нийтлэлүүд төлбөртэй нийтлэгдэж, цахим сайтуудаар гарсан.

Уг нийтлэлд дурдсан “Богд-Асар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. / Шийдвэр, магадлал, тогтоолыг shuukh.mn сайтаас үзнэ үү/

Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргаас дахин захирамж гаргасныг “Туурайн төвөргөөн” ХХК эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 0472 дугаар тогтоолоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг тогтоолыг “Богд-Асар” ХХК-аас “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай” хүсэлт гаргасныг хүлээн авч хянаад хүсэлтийг хангаж, хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дахин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр тус шүүхийн шүүгчийн 2021 оны долдугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.

Түүнчлэн дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргаас тухайн маргаан бүхий газартай холбоотой дахин гаргасан захирамжтай “Богд Асар” ХХК маргаж нэхэмжлэл гарсныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Мөн “Богд Асар” ХХК нь 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 7100 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нь 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр захирамжийг гардан авсан бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах шатны журмаар гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусаагүй.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчийг хууль бусаар сольж томилсон, “Богд Асар” ХХК, “Туурайн төвөргөөн” ХХК-уудаас гаргасан нэхэмжлэл бүрийг нэр бүхий шүүгчдэд зориудаар хуваарилдаг мэтээр илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гаргажээ.

Шүүх хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлтийг хуваарилахдаа шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журмын дагуу системээс санамсаргүй тохиолдлоор хуваарилдаг ба хэрэв хүний ажиллагаа оролцож хууль бусаар хуваарилалт явагдсан гэж үзвэл эрх бүхий байгууллагаар шалгуулах эрх нь нээлттэй. Гэтэл шүүх, шүүгчдийн нэр хүндэд зориудаар халдаж, гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүдийг удаа дараа олон нийтэд түгээж байгаа нь “Богд Асар” ХХК-аас гаргасан тухайн газрын маргаантай холбоотой тус шүүхээр хянагдаж буй бусад хэрэг, хүсэлт, нэхэмжлэлийн шийдвэрлэлтэд нөлөөлөх зорилго агуулж байна гэж үзэхээр байна.

Иймд шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан мэргэжлийн болон хувь хүний нэр төр, алдар хүндэд нь бүдүүлгээр халдаж буй хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.

Цаашид хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулбал холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдье.

Эх сурвалж: ШЕЗ

Хятадын эрдэмтдийн “хиймэл нар“ бүтээх ажил дуусаж байна
Хятадын эрдэмтдийн “хиймэл нар“ бүтээх ажил дуусаж байна
 
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.