/2021.09.29/ Австрали улс стратегийн чухал эрдэс түүхий эдийн олборлолтын төслүүдэд 1.5 тэрбум ам.долларын зээл олгох талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон өчигдөр мэдэгджээ.
Лити, газрын ховор элементийн төслүүд нь олборлолт, боловсруулалтын хувьд илүү төвөгтэй байдгаас санхүүжилт олоход амаргүйд тооцогддог. Иймээс тус улсын Засгийн газар ногоон металуудын төсөлд зориулж санхүүжилт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Австрали улс нь никель, кобальт, зэсийн томоохон нийлүүлэгч төдийгүй газрын ховор металын салбарт өөрийн орон зайг эзэлдэг. Эдгээр метал нь цахилгаан машин үйлдвэрлэлд нэн шаардлагатай төдийгүй цаашид хэрэглээ нь нэмэгдэх төлөвтэй тул стратегийн чухал түүхий эдээр нэрлэгддэг. Барууны улс орнууд стратегийн эрдэс түүхий эдийн нийлүүлэлтийг олон эх үүсвэрээс авах, ялангуяа Хятадаас хараат бус болгох бодлого баримталж буй юм.
Харин Австралийн тухайд стратегийн металын салбартаа санхүүжилт олгож улмаар Энэтхэг-Номхон далайн бүсийн зах зээлд байр сууриа бататгахыг эрмэлзэж байна.