/2023.04.20/: Хартум дахь Суданы армийн цэргүүд болон хагас цэрэгжүүлсэн хүчний хооронд хийгдсэн гал зогсоох гэрээ амжилтгүй болсноос болж хүнсний хангамж багасч, эмнэлгийн нэн шаардлагатай үйлчилгээ тасалдаж эхэллээ.
Уг нь иргэдийн нүүлгэн шилжүүлэх зорилгоор 24 цагийн хугацаатай гал зогсоох гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ өчигдрөөс хэрэгжих ёстой байсан юм. Гэсэн хэдий ч Хартум дахь гэрчүүдийн хэлснээр лхагва гарагт тулаан үргэлжилсээр байгаа аж.
Мөргөлдөөний улмаас 5.5 сая орчим хүн амтай Африкийн хамгийн том хотын гудамжууд хоосон байна.
Хотын иргэд гэр гэртээ нуугдаж байгаа бөгөөд тэдний хоолны хангамж үндсэндээ дуусч байгаа талаар сэтгүүлчдэд ярьжээ.
НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитсийн хэлснээр, тулалдааны улмаас тус улсад хийж буй олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн ажлууд бүрэн зогссон байгаа аж.
Суданы Эрүүл мэндийн яамны тооцоогоор одоогийн байдлаар 270 хүн амиа алдаж, 2600 хүн шархадсан байна.
Мөргөлдөөний улмаас нийслэл дэх ихэнх эмнэлгүүд бүрэн сүйрсэн бөгөөд нийт 16 эмнэлгийн 9-ийг нь нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.
Дүрвэгчид хөрш зэргэлдээ улсуудыг зорин тусламж эрж байгаа бөгөөд мөргөлдөөний хор уршиг хөрш орнуудад ч сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж.
Эх сурвалж: Aljazeera