/2023.04.20/: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, авлигатай тэмцэх ажилд ахиц дэвшил гаргахад улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал, улс төрийн сонгуулийн санхүүжилтээс их шалтгаалж байна. Улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл болж байна гэж иргэд үзэж байна.
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг бий болгож, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд 2019 оны Үндсэн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлт чиглэгдсэн. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр намууд дотоод ардчилалтай байх, ардчилсан зарчимд нийцсэн байх, улс төрийн намын санхүүжилт, орлого, зарлага, ил тод, нээлттэй байх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглүүлсэн өөрчлөлтийг хийсэн. Авлига, хээл хахууль, хөгжлийн хоцрогдол, ядуурал гэх мэт олон зүйлийн шалтгаан улс төрийн намын бодлого, улс төрийн намын санхүүжилт, сонгуулиас болж байна гэж ард иргэд үзэж байна. Эдгээр асуудалд ач холбогдол өгч Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, философи чиглэгдэх ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.
Авлигатай тэмцэх ажилд ахиц дэвшил гаргахад улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал чухал ач холбогдолтой.
Мөн тэрбээр, Сант Марал сангийн хэрэгжүүлсэн судалгаанд оролцогчдын 87 хувь нь улс төрийн намууд ард иргэдийн хүсэл зориг, санал бодлыг илэрхийлж чадахгүй байна, 46.5 хувь нь улс төрийн намууд хэрэггүй, хүчтэй ерөнхийлөгчтэй байх хэрэгтэй болжээ хэмээн хариулсан нь улс төрийн намуудад итгэх ард иргэдийн итгэл суларсныг харуулж байна гээд эцсийн дүндээ ард түмний хүсэл эрмэлзлэл, үзэл бодлыг илэрхийлэх ёстой улс төрийн намуудын нэр хүнд муу байгаа нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна гэлээ.