/2023.4.3/ Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой, түүнийг танхайрсан гэх гомдол иргэнээс очсоныг шалгаж байгаа гэх хариуг тус хэлтсээс өглөө.
Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр, ХУД-ийн 19-р хороо, Грийнхаус хотхоны СӨХ-ийн дарга С.М нь Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нарыг албан ёсны зөвшөөрөлгүй барилга барьж байна хэмээн үзэж, хотхоныхонтойгоо эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Улмаар хотхоны 300 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөх ёсгүй хэмээн үзэж, тэмцлээ илэрхийлсэн хулдаасан хэвлэлийг наажээ. Гэтэл Д.Батбаяр тухайн хулдаасан хэвлэлийг хутгаар зүсэж, авч явж танхайрсан байна.
Тус СӨХ-ийнхний гаргасан мэдээллээр Кёкүшюзан Д.Батбаяр болон Т.Баясгалан нар нь Грийн хаус хотхоны байранд нийтийн орон сууцны орчины булан тохой бүрт, Токио тауэр, спорт заал, таун хаус, 14 айлын орон сууц, Кёкүшюзан сан гэх 5 барилга бариад бүгдийг нь зарж дуусгасан. Одоо Грийн хаус хотхоны урдах спорт заал, орон сууцыг нурааж 14 давхар оффисын барилга барих гэж байгаа ажээ.