/2023.03.24/ Япон улс руу зөвхөн аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар зорчих тохиолдолд визийн мэдүүлгийг онлайнаар хүлээн авч цахим виз олгохоор болж байгаа талаар тус улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Визийн онлайн мэдүүлгийн систем энэ сарын 27-ны өдрийн 13.00 цагаас хойш идэвхжих ажээ. Ингэснээр аялалын виз авахад цаг авах шаардлагагүй болж байна.
Виз мэдүүлэхтэй холбоотой мэдээлэл.
- Эхний шатанд визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба ЭСЯ-ны зүгээс шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж байж албан ёсоор хүлээн авсанд тооцно. ( амралтын өдрөөр хийгдсэн виз мэдүүлгийн тухайд ЭСЯ-ны хүчин чадлаас хамаарч дараагийн ажлын өдрүүдэд нягталж үзэх болохыг анхаарна уу.) Нэгэнт илгээсэн виз мэдүүлгийн материалын мэдээлэл дутуу тохиолдолд онлайн мэдүүлгийг хийх үед бүртгүүлсэн холбоо барих утасны дугаараар, эсвэл цахим шуудангаар холбогдох болно.
- Виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болсны дараа материалтай нарийн танилцаж, шалгаж эхэлнэ. Хүлээж авсан өдрийг оруулаад ойролцоогоор ажлын 4 хоногт виз мэдүүлгийн хариу гарна. Мөн хураамжаа төлөх тухай агуулга бүхий цахим шууданг илгээнэ. ( Жишээлбэл, пүрэв гарагт албан ёсоор хүлээж авсан гэдэг нь тодорхой болсон виз мэдүүлгийн хариу шуудан (e-mail) дараа долоо хоногийнх нь мягмар гарагт илгээгдэх болно.) Мөн зарим шаардлагатай тохиолдолд тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлаганд орохыг шаардах тохиолдол байж болохыг анхаарна уу.
- Виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын дүнд виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд ч гэсэн хариуг цахим шуудангаар илгээх ба татгалзсан шалтгааны талаар огт тайлбар хийхгүй болохыг онцгой анхаарна уу.
Бүрдүүлэх материал, виз олгох зэрэг мэдээллийг ЭНД дарж авна уу.