/2023.2.28/ Үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн хурал хийлээ.
Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэн эмч, ажилтнууд гүйцэтгэлээрээ цалинждаг болсноос хойш суурь цалин нэмэгдээгүй байгааг шүүмжиллээ. Тэд гуравдугаар сарын 30-нд тохиох Олон улсын эмч нарын өдрийг тэмдэглэхгүй, харин үндсэн цалингаа нэмүүлэх тэмцэл хийнэ хэмээн зарлав.
Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Одоо үйлчилж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 мянган төгрөг нь гэр бүлээ тэжээхэд хүрэлцэхгүй, тиймээс 620 мянга болго" хэмээлээ.
Сонирхуулахад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 550 мянга болгож өөрчилсөн юм. Өмнө нь энэ хэмжээ 420 мянга байсан билээ. 2024 онд мөрдөх хэмжээг энэ оны нэгдүгээр улиралдаа багтаан гурван талт хороо хамтран хуралдсаны эцэст шийднэ.