/2023.01.19/: БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг болон албаны хүмүүсийн хамт Орхон аймагт ажиллаж байна.
Ингэхдээ Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Ногоон хөгжил төслийн нэгжийн удирдлагууд хүлээн авч Ойн генетик нөөцийн Эрдэнэт төвийн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2023 оны төлөвлөлттэй танилцууллаа. Тус төв нь 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр ашиглалтад орсон ба Биотехнологийн лаборатори, Модны үрийн лаборатори, Хорио цээр, Хөрсний биотехнологийн лаборатори, 100 га Мод үржүүлгийн “Эрдэнэт цогцолбор төв” гэсэн 5-н чиглэлээр үйл ажиллагаа явуулах ба бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явж байна.
Тус төв нь 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах ба үүний 10 сая модыг Эрдэнэт үйлдвэрт, 10 сая модыг Хүн төвтэй ойжуулалт, ногоон байгууламж хийх, 30 сая модыг Говь, хээрийн бүсэд, 30 сая модыг Хангайн бүсэд, 20 сая модыг хамгаалалтын ойн зурвас байгуулахаар төлөвлөж буй. 2022 онд хаягдлын аж ахуйд хайлаасны үрээр 1,5 м өргөнтэй 5 км, нарийн зурвасаар 1,4 км 1,3 га талбайд тарилт хийж 70 хувийн амьдралттай байна.
Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв мод үржүүлэг, ойжуулалт, зурвасын ажлыг хийхээс гадна мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжид мэдээлэл, мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилладаг ба өнгөрсөн хугацаанд 1000 гаруй иргэнд үйлчилжээ.
Эх сурвалж: БОАЖЯ