/2022.10.18/: Иран Орост тэсрэх дрон нийлүүлж байгаа нь НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчиж байна гэдэгтэй АНУ барууны холбоотнуудтай санал нэг байна гэж мэдэгдлээ.
Даваа гарагт Киевт "камикадзе" гэгддэг нисгэгчгүй онгоцнууд цохилт өгсөн бөгөөд ОХУ-аас хөөргөсөн боловч Иранд үйлдвэрлэсэн гэж таамаглаж байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 тоот тогтоолыг зөрчиж байна гэсэн Франц, Их Британийн үнэлгээтэй АНУ санал нэг байна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.
Ираны цөмийн хэлэлцээртэй холбоотой энэхүү тогтоол нь Ираны зарим цэргийн технологи дамжуулахыг хориглосон байдаг юм.
Украйн улс нисгэгчгүй онгоцууд буюу нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслүүдийг Ираны Шахед-136 зэвсэг болохыг тогтоожээ. Дэлхийн 2-р дайны үед амиа хорлох үүрэг гүйцэтгэж байсан Японы сөнөөгч нисгэгчдийн нэрээр тэднийг камикадзе дрон гэж нэрлэдэг.
"Иранаас Орос руу шилжүүлж, Орос Украинд ашиглаж байсан эдгээр нисэгчгүй онгоцууд нь 2231-ийн дагуу хоригт үлдэх зэвсгийн тоонд багтана" гэж Төрийн департаментын Ведант Пател хэлэв.
Ираны зүгээс дроныг Орост нийлүүлж байгааг үгүйсгэж байгаа ч ноён Пател хэлэхдээ "ОХУ Иранаас нисгэгчгүй онгоц хүлээн авсан. Энэ нь янз бүрийн төрлийн Ираны олон зуун нисэгчгүй нисэх онгоц импортлох Оросын төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг олон нийтэд илчилсэн" гэж ноён Пател хэлэв.
Орос тэднийг Украинд ашигласан талаар "өргөн нотолгоо" байгаа гэж тэрээр нэмж хэлэв.
Даваа гарагт Украины Киев, Днепр, Сумы мужуудад дэд бүтцэд ноцтой хохирол учирч, олон зуун хот, тосгоны цахилгаан тасарсан гэж Киевийн засгийн газар мэдэгдэв.
Халдлагын улмаас найман хүн амиа алдсаны дөрөв нь Киевт, дөрөв нь Сумид байжээ. АНУ “Орос дайны гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдэв.
Ноён Пател хэлэхдээ, Орос, Ираны эвслийн харилцаа гүнзгийрч байгааг дэлхий нийтийн аюул заналхийлэл гэж үзэх ёстой. Сирийн иргэний дайнд Орос, Иран улсууд ерөнхийлөгч Башар аль-Асадад цэргийн гол дэмжлэг үзүүлсэн.
"Ирантай бизнес хийж байгаа, нисгэгчгүй нисэх онгоц, баллистик пуужингийн бүтээн байгуулалт, Иранаас Орос руу чиглэсэн зэвсгийн урсгалтай холбоотой байж болзошгүй тул хүн бүр болгоомжтой байж, зохих шалгалтаа хийх ёстой. АНУ хориг арга хэмжээ авахаас буцахгүй" гэж ноён Пател хэлэв.
Эх сурвалж: BBC