/2022.10.03/ Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр 85,5 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын таван цогц арга хэмжээ, бүтцийн суурь шинэчлэлийн таван зорилтыг танилцууллаа. Энэхүү цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсад үүсээд буй эдийн засгийн тулгамдсан асуудлыг амжилттай даван туулах бололцоотой юм.
Улмаар бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, үнийн өсөлт хязгаарлагдаж, валютын ханш тогтворжиж, банкны зээл, санхүүгийн харилцаа хэвийн болж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэх суурь бүрдэнэ гэлээ.
Ингээд эдийн засгийг тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээг танилцуулж байна.
1. Төсвийн алдагдлыг бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг хангах.
2. Орлоготой иргэн хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Төсвийн байгууллага орлого олж, бизнес хийж төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг болно. Эх оронч худалдан авалтыг дэмжинэ.
3. Бизнес эрхлэхэд барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах боломжгүй байдаг. Тиймээс ААН-үүдэд зориулсан "Итгэлийн зээл"-ийг хуульчилж төрөөс санхүүжүүлнэ. Өрхийн бизнесийг эхний ээлжид тус зээлд хамруулна. Үр дүн, гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжинэ. Ингэснээр зарлагыг үр ашигтай болгоно.
4. Аж үйлдвэржилт, бизнесийн орчинг сайжруулж хөрөнгө оруулалт татах, мега төслүүдээ хөдөлгөх. Үндэсний баялгийн сангийн хууль, Ашигт малтмалын тухай хуулийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн батлах.
5. Хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх.