УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үг

/2022.10.03/: УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Зандшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол төрийн албан хаагчид аа,

Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө-санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратегийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байна. Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү “тектоник шилжилт” нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр логистикийн хүндрэл, валютын хомсдол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд хүнд цохилт өгч байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна.

Бидэнд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн, хэрэгжүүлж дуусгасан олон сайхан зүйлс бий. Гэвч улс эх орон, ард түмний нийтлэг ашиг сонирхлоос ангид байж, улс орноо, ард түмнээ хувийн явцуу ашиг сонирхлоосоо дорд үзэн, хохироосон тохиолдол ч гарч байсныг бид мартах учиргүй. Ийм байдлыг хэрхэвч дахин давтах учиргүй. Хоноцын сэтгэлээр бид эх орон, ард түмэндээ хандаж хэрхэвч болохгүй.

“Хийх хүнд арга нь, Хүрэх зорилгод зүтгэл” нь гэж манай ард түмэн ярьдаг. Эзэн богд Чингис хаан маань “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь. Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү. Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс даагдъюу” гэсэн байдаг. Тиймээс улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчилж, иргэдийнхээ итгэл хүндлэлийг биелүүлэхийн төлөө, Монгол Улсынхаа шинэ сэргэн мандлын төлөө чин сэтгэл, бат зүтгэлээр ажиллацгаая.

Эх сурвалж: УИХ

Флорида мужид “Иан“ хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 76-д хүрчээ
Флорида мужид “Иан“ хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 76-д хүрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.