/2022.9.28/ Олон улсын шинэ эрчим хүчний чуулган өнөөдөр, маргааш Корпорэйт зочид буудалд болж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудоржтой ярилцлаа.
-Эрчим хүчний салбарын нөхцөл байдал ямар байна вэ?
-Ганц монголд биш, дэлхий нийтээрээ эрчим хүчний хямралд орж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Ялангуяа байгалийн хийн үнэ европын зах зээл дээр өмнөхөөсөө тав дахин өссөн. Манай улсын хувьд 2019 оноос хойш эрчим хүчний үнэ тариф нэмэгдээгүй. Эрчим хүний өвлийн бэлтгэл ажлыг хангах, цаашлаад эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний шинэ үүсвэрийг хөдөлгөх зайлшгүй шаардлага бий. Харин яг хэзээ, хэдэн хувиар нэмэх, хэрхэн ажиллах талаарх шийдвэр хараахан гараагүй байна. Эрчим хүчний салбар тэр дундаа баруун бүсний эрчим хүч, Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн татаасаар явдаг. Энэ татаасууд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн гэж ойлгож болно.
-Эрчим хүчний хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?
-Эрчим хүчний салбарын алдагдал жил ирэх бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 78 тэрбум, 2020 онд 92 тэрбум гээд, энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 150 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. Тийм учир эрчим хүчний үнийг нэмж болзошгүй. Ковидын тухай хуулиар эрчим хүчний үнэ өссөн ч бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байхаар зохицуулалт хийгдсэн байгаа. Одоогоор ямар байдлаар хэрхэн нэмэх талаарх нарийвчилсан зохицуулалт гараагүй байгаа учир тэгж нэмнэ гэж хэлэх боломжгүй байна.
-Энэ жил шөнийн тарифын хөнгөлөлт үйлчлэх үү?
-Шөнийн тарифын хөнгөлөлт 2017 оны Засгийн газрын тушаалаар хэрэгждэг. Энэ тушаал хүчинтэй хэвээр байгаа. Тиймээс үйлчилнэ гэж ойлгож байна.