/2022.09.13/: Монгол Улсаас зорилтот зах зээл буюу булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх ажлын хүрээнд Элчин сайд П.Сэргэлэн 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр Кувейт Улсын Хүнс, Хоол тэжээлийн асуудал эрхэлсэн газрын Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий захирал Доктор Хатагтай Рим Гази Аль-Фулаижтай уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт бүхий ЭСЯ-ны албан ёсны ноотыг Др. Хатагтай Рим Гази Аль-Фулаижид гардуулж, холбогдох асуудлын хүрээнд дэлгэрэнгүй санал солилцов.
Хатагтай Рим Гази Аль-Фулаиж Кувейт Улсад өнөөдрийн байдлаар махны эрэлт, хэрэгцээ их байгааг мэдэгдэж, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох манай талын хүсэлтийг баяртайгаар хүлэээн авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Мөн Хүнс, Хоол тэжээлийн асуудал эрхэлсэн газрын зүгээс мах импортлох асуудалд мэргэжлийн туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Тус уулзалтаар Эрүүл ахуй, Хорио цээрийн протокол тохирох, хоёр орны мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулан цаашид идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
Эх сурвалж: Кувейт улсын ЭСЯ