
Олон улсын зах зээлд нэг баррель нефтийн үнэ 109 ам.доллар давж, шатахуун болон тээврийн зардал нэмэгдэх эрсдэл үүсээд байна. Ойрх Дорнодод үүссэн мөргөлдөөн, нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудад халдсан мэдээллээс шалтгаалан дэлхийн нефтийн зах зээлд түгшүүр нэмэгджээ.
Reuters агентлагийн аравдугаар сарын 21-ний өдөр мэдээлснээр, олон улсын зах зээлд жишиг болдог Brent маркийн нефтийн үнэ нэг баррель нь 109.64 ам.долларт хүрсэн байна. Харин АНУ-ын WTI маркийн нефтийн үнэ 98.58 ам.доллар болж тус тус өссөн байна.
Саудын Араб зэрэг нефть экспортлогч орнуудын дэд бүтцэд халдлага гарсан тухай мэдээлэл нийлүүлэлтэд эрсдэл үүсгэж байна. Иймээс нефть бодитоор хомсдоогүй байсан ч нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үнийн өсөлтөд нөлөөлж эхэлжээ.
Нефтийн үнэ удаан хугацаанд өндөр хэвээр байвал шатахуун үйлдвэрлэх, тээвэрлэх зардал нэмэгдэнэ. Үүний улмаас бензин, дизель түлшний үнэ өсөх дарамт үүсэж болзошгүй талаар шинжээчид онцолжээ. Шатахууны зардал нэмэгдвэл бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хүнс үйлдвэрлэх болон бусад үйлчилгээний өртөг ч өсөх эрсдэлтэй. Ингэснээр иргэдийн өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэх төлөвт шилжинэ.
Үнэ цаашид өссөөр байх эсэх нь Ойрх Дорнодын мөргөлдөөн намжих эсэх, далайн тээврийн замууд аюулгүй болох эсэхээс ихээхэн хамаарна хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.