
Монгол Улсад хүүхдийн шүд цоорох өвчин ноцтой хэмжээнд хүрч, 10 хүүхэд тутмын ес нь уг өвчнөөр өвчилж байгаа талаар The Straits Times мэдээллээ.
Швейцарт төрсөн шүдний эрүүл ахуйн мэргэжилтэн Габриэлла Шмидт-Корситтогийн үүсгэн байгуулсан “Misheel Kids Foundation” сан зөөврийн шүдний эмнэлгүүдээр дамжуулан Улаанбаатар хот болон алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ үзүүлж байна.
Тус байгууллага арав гаруй жилийн хугацаанд 22 мянга гаруй хүүхдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлжээ. Зөөврийн эмнэлгүүд шүдний үзлэг, цэвэрлэгээнээс гадна сувгийн эмчилгээ, шүд авах зэрэг үйлчилгээг хүргэдэг байна.
Тус сангийн хүүхдийн шүдний эмч, төслийн менежер Намуунаагийн хэлснээр зарим өдөр 50-80 хүүхдэд үзлэг, эмчилгээ хийх шаардлагатай болдог аж.
Чихэрлэг хүнс, амны хөндийн ариун цэврийн буруу дадал нөлөөлж байна
Хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэхэд чихэрлэг ундаа, боловсруулсан хүнсний хэрэглээ болон шүдээ зөв угаах дадал дутмаг байгаа нь голлон нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Улаанбаатар хотын захын гэр хороолол болон хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийн хувьд шүдний тусламж үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байдаг. Ялангуяа хөдөө орон нутгийн зарим хүүхэд өвдсөн шүдтэйгээ удаан хугацаанд явахад хүрдэг байна.
“Misheel Kids Foundation” сан хүүхдүүдэд шүдээ зөв угаах арга заахаас гадна эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл ахуйн боловсрол олгож, асрамжийн газар болон цэцэрлэгүүдэд тогтмол ажилладаг.
Тус байгууллагын санхүүжилтийн ихэнх хэсэг Европын сангууд болон хувийн хандивлагчдаас бүрдсэн бөгөөд Монголын Засгийн газраас мөн тодорхой хэмжээний дэмжлэг авчээ.
Гэхдээ санхүүжилт тогтмол бүрдүүлэхэд хүндрэлтэй байдаг бөгөөд тус байгууллага цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, загвараа улс орон даяар нэвтрүүлэхийг зорьж байна.
Эх сурвалж: The Straits Times
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.