Г.Тэмүүлэн Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврыг БИЕЛҮҮЛСЭНГҮЙ
 

Г.Тэмүүлэн Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврыг БИЕЛҮҮЛСЭНГҮЙ

Н.Учралын өгсөн үүрэг даалгавар: Г.Тэмүүлэн томилгооноос цааш юу хийв?

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг хурцаар хөндөж, улмаар сайдын ажлаа Г.Тэмүүлэнд шилжүүлсэн. Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар өнгөрөгч есдүгээр сарын 22-ний өдөр томилж, Ерөнхий сайд Н.Учрал түүнд салбараа цэгцэлж, цэвэрлэх үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл Г.Тэмүүлэн энэхүү үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байна вэ?

1. ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг ажлаас нь чөлөөлөх тухай

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх үүрэг даалгавар өгсөн. Эдгээр дунд ШШГЕГ-ын дарга А.Намсамандын нэр мөн багтах бөгөөд А.Намсаманд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанд оролцсон нь түүнийг одоог хүртэл мөрдэсээ тайлаагүй яваагийн баталгаа.

А.Намсамандын хувьд хоригдлуудаар хувийн байшин, зуслангийн хаус бариулсан, ажилтан алба хаагчдын цалинг хувьдаа авсан, орон сууц үнэгүй болон хямд үнээр худалдан авсан, хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулдаг, нүүрс болон гантигийн орд ашиглах талаарх ашиг сонирхлын зөрчил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хангалтгүй гүйцэтгэж байгаа гэх хэрэгт нэр холбогдоод буй. Тэгвэл түүнийг Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн ч салбарын сайд Г.Тэмүүлэн ажлаас нь чөлөөлж чадахгүй л явна.

2. Орон сууцны залилангийн асуудлыг шийдвэрлэх талаар

Орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг энэ сарын 2-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулжээ.

Хуралдаанаар Ажлын хэсгийн явц, үр дүн, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын талаарх мэдээллийг нээлттэй, ил тод болгох чиглэлээр авах арга хэмжээний талаар, орон сууц худалдан авагчийг хамгаалах нэгдсэн цахим системийг туршин, нэвтрүүлэх шийдлийн талаар хэлэлцсэн байна.

3. Хөрөнгө хураах тухай хуулийн төсөл боловсруулах

Ерөнхий сайд холбогдох хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон. Гэвч энэ үүргийн хүрээнд боловсруулсан шинэ төсөл, өргөн мэдүүлсэн талаарх мэдээлэл одоогийн байдлаар алга байна.

4. Цахим мөрийтэй тоглоомын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах тухай

Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон хуулийн зохицуулалт 2025 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Гэсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, уг гэмт хэрэг далд хэлбэрээр улам бүр хүрээгээ тэлсээр буй. Ерөнхий сайд Н.Учрал Г.Тэмүүлэнд чиглэл өгснөөс хойш цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоосон. Гэсэн ч энэ нь Г.Тэмүүлэнгийн шууд өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулагдсан ажиллагаа гэж хэлэхэд учир дутагдалтай.

5. Хууль сахиулах байгууллагатай холбоотой дуулиант асуудлыг шалгах

Хууль бус алт олборлолт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, түүнчлэн эдгээр гэмт хэрэгт хууль сахиулах байгууллагын алба хаагчид, удирдах албан тушаалтан холбоотой байж болзошгүй талаар олон нийтэд мэдээлэгдсэн асуудлыг шалган шийдвэрлэж байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуулга Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд хаяглагдан иржээ. Одоогоор Г.Тэмүүлэн энэхүү асуулгад ямар нэгэн хариу өгөөгүй гэх төлөвтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд даалгасан нэн шаардлагатай асуудлуудын талаарх хэрэгжилтийн явц энэ хүрээнд байна. Нийтэд нь дүгнэвэл салбараа цэгцэлж, цэвэрлэх үүргийг Г.Тэмүүлэн хараахан биелүүлж амжаагүй л явна.

Ж.Сондор

Оюу толгойн ногдол ашгийн САНАЛ АСУУЛГА эхэлжээ
Оюу толгойн ногдол ашгийн САНАЛ АСУУЛГА эхэлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.