ОУВС: Монгол Улсын эдийн засаг өсөх төлөвтэй ч инфляцын эрсдэл их байна
 

ОУВС: Монгол Улсын эдийн засаг өсөх төлөвтэй ч инфляцын эрсдэл их байна

Уул уурхайн салбарын өсөлт Монгол Улсын эдийн засгийг дэмжиж байгаа ч төсвийн зардлыг огцом нэмэгдүүлэх нь инфляцыг эрчимжүүлж, макро эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг Олон улсын валютын сан (ОУВС) анхаарууллаа.

ОУВС-гийн Тахсин Саади Седик тэргүүтэй баг 2026 оны есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар холбогдох албаныхантай хэлэлцжээ. Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд гаргасан мэдэгдэлд эдийн засгийн өсөлт, инфляц, төсвийн бодлого болон банк, санхүүгийн салбарын асуудлыг онцолсон байна.

Эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрчээ

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагаст хүлээлтээс өндөр өсөлт үзүүлж, өсөлтийн хурд 7.7 хувьд хүрсэн байна. Үүнд уул уурхайн үйлдвэрлэл, ялангуяа зэсийн олборлолт нэмэгдсэн болон зэс, нүүрсний үнэ өндөр түвшинд хадгалагдсан нь голлон нөлөөлжээ.

Уул уурхайн экспортын орлого нэмэгдсэнээр гадаад секторын үзүүлэлтүүд сайжирч, улсын төсвийн орлого өссөн байна. Олон улсын валютын нөөц есдүгээр сарын эцсийн байдлаар 8.9 тэрбум ам.долларт хүрчээ.

Мөн 2026 оны эхний найман сарын байдлаар төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн хэдий ч уул уурхайн салбарын орлого нэмэгдсэнээр төсвийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлсэн байна.

Банкны зээлийн өсөлт наймдугаар сард жилийн өмнөхөөс ойролцоогоор 14 хувь болж саарсан нь өмнө хэрэгжүүлсэн мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээний нөлөөтэй холбоотой гэж ОУВС дүгнэжээ.

ОУВС-гийн төсөөллөөр Монгол Улсын эдийн засаг 2026 онд нийтдээ 6.2 хувиар өсөх төлөвтэй байна. Уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх нь бусад салбарын өсөлт саарах нөлөөг нөхөхөөр байгаа аж.

Инфляц 12.9 хувьд хүрч, эрсдэл нэмэгдэв

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон шатахууны нийлүүлэлтийн тасалдлаас шалтгаалан Монгол Улсын инфляц есдүгээр сард 12.9 хувьд хүрчээ. Энэ нь Монголбанкны инфляцын зорилтот түвшин болох 6±2 хувийн хязгаараас мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт юм.

Шатахууны нийлүүлэлт тасалдах үзэгдэл давтагдаж байгаа нь эдийн засагт эрсдэл үүсгэж байгааг ОУВС онцолсон байна. Одоогоор эдгээр тасалдал уул уурхайн үйл ажиллагаанд шууд нөлөөлөөгүй ч цаашид нийлүүлэлтийн доголдол даамжирвал үйлдвэрлэл, эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх боломжтой гэж үзжээ.

Мөн суурь инфляц өсөж, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн инфляцын хүлээлт нэмэгдсэн байна.

Монголбанк наймдугаар сард бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн бол заавал байлгах нөөцийн хэмжээг мөн 0.5 нэгж хувиар өсгөн 14.5 хувьд хүргэжээ.

ОУВС-гийн таамаглалаар инфляц 2026 оны эцэст 13 орчим хувьтай байх бөгөөд 2027 оны эцэс гэхэд хүнс, шатахууны үнийн өсөлт аажмаар саарах хэдий ч суурь инфляц нэмэгдэх нөлөөгөөр нийт инфляц 8.5 орчим хувьд хадгалагдахаар байна.

Төсвийн тэлэлт инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

2026 оны тодотгосон төсөв болон 2027 оны төсвийн төсөлд татварын томоохон хөнгөлөлт, нийгмийн халамжийн зардлын өсөлт, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэгдэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүд тусгагджээ.

Эдгээр нэмэлт зардлын ихэнхийг төрийн өмчит компаниуд болон Оюу толгой компанийн нэг удаагийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Гэвч уул уурхайн орлого зах зээлийн үнэ, олборлолтын нөхцөлөөс хамааран хэлбэлздэг тул тогтмол шинжтэй зардлыг ийм орлогоор санхүүжүүлэх нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг ОУВС анхааруулжээ.

Төсвийн тэлэлт нь алдагдал болон улсын өрийн өсөлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ инфляцын дарамтыг удаан хугацаанд хадгалах эрсдэлтэй байна. Хэрэв төсвийн орлого төлөвлөснөөс буурвал макро эдийн засаг, гадаад секторын тогтвортой байдлыг хамгаалахын тулд төсвийн зардлыг огцом танах шаардлага үүсэж болзошгүй аж.

Түүнчлэн төсөв дагалдсан хууль тогтоомжийн өөрчлөлтүүд нь төсвийн сахилга батыг хангах дүрэм, зохицуулалтын үр нөлөөг сулруулах эрсдэлтэйг тус сан тэмдэглэв.

Уул уурхайн орлогыг хуримтлал, нөөц бүрдүүлэхэд чиглүүлэхийг зөвлөв

ОУВС Монгол Улсад уул уурхайн салбарын орлого нэмэгдэж буй боломжийг ашиглан төсвийн нөөц, хамгаалалтын санхүүгийн чадавхаа сэргээхийг зөвлөжээ.

Тус сангийн зүгээс дараах чиглэлийг онцолсон байна. Үүнд:

-Татварын хөнгөлөлтийн багцыг дахин нягталж, уул уурхайн бус салбарын татварыг цаашид бууруулах хүсэлтүүдэд болгоомжтой хандах.

-Уул уурхайн орлогын өсөлтийн ихэнх хэсгийг төсвийн нөөц, санхүүгийн хамгаалалт бүрдүүлэхэд чиглүүлэх.

-Төсвийн зардлыг илүү оновчтой, зорилтот түвшинд төлөвлөх.

-Төсвийн тогтмол зардлыг хэлбэлзэл ихтэй уул уурхайн орлогоос хамааралтай байлгах явдлыг бууруулах.

-Төсвийн сахилга батыг хангах дүрэм, зохицуулалтын хэрэгжилт, үр нөлөөг сэргээх.

Уул уурхайн орлогын өсөлт бүхэлдээ урт хугацаанд үргэлжлэх баталгаа байхгүй тул өнөөгийн орлогын өсөлтийг байнгын зардлын эх үүсвэр гэж үзэх нь эрсдэлтэйг ОУВС онцолсон байна.

Мөнгөний бодлогыг чангатгах шаардлагатай гэж үзэв

Инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа, инфляцын хүлээлт болон нэрлэсэн цалин нэмэгдэж буй нөхцөлд мөнгөний бодлогыг цаашид чангатгах шаардлагатай гэж ОУВС дүгнэжээ.

Ялангуяа төсвийн тэлэлт хэрэгжсэн тохиолдолд инфляцын дарамтыг хязгаарлахын тулд Монголбанк бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах шаардлага үүсэж болзошгүй байна.

Мөн Төв банкны үйл ажиллагааны бие даасан байдлыг бэхжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэж, Монголбанкны тухай хуульд оруулах өөрчлөлтийг эцэслэн батлахыг зөвлөжээ.

Үүнээс гадна банкны засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг шинэчлэн тохируулах, банкуудын удирдлага болон үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхийн тулд Банкны тухай хуульд цаг алдалгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон байна.

Цаашдын эрсдэл

ОУВС-гийн үнэлгээгээр дэлхийн болон бүс нутгийн тогтворгүй байдал, дотоодын татвар бууруулах болон төсвийн зардал нэмэгдүүлэх дарамт нь Монголын эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Шатахууны нийлүүлэлт дахин доголдох, дэлхийн газрын тосны үнэ өсөх тохиолдолд түлшний хомсдол сэргэж, инфляц нэмэгдэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжил саарах эрсдэлтэй. Хэрэв энэ нөхцөл уул уурхайн үйл ажиллагаанд нөлөөлбөл экспортын орлого, төсвийн орлого давхар буурах боломжтой юм.

Түүнчлэн төсвийн зардал болон төрийн албан хаагчдын цалинг огцом нэмэгдүүлэх нь цалин, үнийн өсөлт харилцан бие биеэ өдөөх эрсдэлийг бий болгож болзошгүйг ОУВС анхааруулжээ.

Иймд Монгол Улсын хувьд уул уурхайн өсөлтөөс бий болж буй орлогыг зөвхөн өнөөгийн хэрэглээ, зардлыг нэмэгдүүлэхэд бус, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд ашиглах нь чухал байна.

Эх сурвалж: Олон улсын валютын сан (ОУВС), 2026 оны есдүгээр сарын 23-29-ний өдрийн Монгол Улсад хийсэн ажлын хэсгийн айлчлалын мэдэгдэл.

ФОТО НИЙТЛЭЛ: Дэлхий даяар баавгай хот сууринд орж ирэх болсон шалтгаан
ФОТО НИЙТЛЭЛ: Дэлхий даяар баавгай хот сууринд орж ирэх болсон шалтгаан
 
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.