
Японы Номхон далайн эргийг дайран өнгөрсөн хүчтэй хар салхины улмаас аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэнээр дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болсон талаар тус улсын олон нийтийн телевиз NHK мягмар гарагт мэдээлэв. Мөн байгалийн гамшгийн улмаас 45 мянга орчим өрхийн цахилгаан хангамж тасарчээ.
Дужуань хар салхи нь энэ онд дэлхийн олон бүс нутаг, тэр дундаа Зүүн Ази, Хойд Америк болон Европт ердийнхөөс эрчимтэй ажиглагдсан аадар бороо, үер, халуун орны хар салхи зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлийн ээлжит нэг тохиолдол болж байна.
NHK-ийн мэдээлснээр, Канто бүсийн Канагава мужийн Ёкоосүка хотод хөрсний гулгалтын үеэр их хэмжээний шавар, шороо байшин руу урсан орж, 60 гаруй насны нэгэн эмэгтэй амиа алдсан байна. Мөн Канагава болон Чиба мужид гарсан хөрсний гулгалтын улмаас 50-80 насны гурван хүн амиа алджээ.
Токио хотын өмнөд хэсэгт орших Канагава мужийн Миүра хотод аврагчид хөрсний гулгалтад өртсөн байшингийн нуранги, шороог цэвэрлэн, сураггүй болсон нэг иргэнийг эрэн хайж байгаа юм.
Хар салхи Японоос зүүн хойд зүгт шилжин холдсоны дараа оршин суугчид гудамж талбайд хуримтлагдсан их хэмжээний шавар, лагийг цэвэрлэж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.