
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах үеэр Оростой үргэлжилж буй дөрвөн жил гаруй хугацааны дайныг дуусгах хүчин чармайлт, тэр дундаа эрчим хүчний салбарын объектуудад халдлага үйлдэхийг харилцан зогсоох боломжтой түр эвлэрлийн асуудлыг хэлэлцсэн гэж мэдэгдлээ.
Зеленский НҮБ-ын төв байранд Трамптай 40 минут уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Киев Москвагийн талтай эрчим хүчний объектод халдахыг зогсоох ямар нэгэн хэлбэрийн тохиролцоонд хүрэхэд бэлэн байгааг онцлов.
АНУ-ын завсрын сонгууль ирэх арваннэгдүгээр сард болохын өмнө шатахууны үнэ өндөр хэвээр байгаа энэ үед Трампын дэмжлэгийн түвшин түүхэн доод хэмжээндээ хүрч буурсан талаар өмнө нь мэдээлж байсан.
Трамп сүүлийн өдрүүдэд "Оросын шатахуун боловсруулах хүчин чадалд учирсан их хэмжээний хохиролд санаа зовниж байгаагаа илэрхийлж, энэ нь дэлхийн хэмжээнд дизель түлшний үнийг өсгөж байна" гэж мэдэгдсэн юм.
Мөн Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Трампын оролцоотой гурван талт уулзалт хийхэд бэлэн гэдгээ дахин илэрхийллээ.
Тэрээр энэ оны эхээр Орос, Украины энхийн яриа хэлэлцээ зогсонги байдалд орсны дараа Москваг дахин хэлэлцээний ширээнд авчрах арга замыг АНУ олно гэж найдаж байгаагаа хэлсэн байна.
Гэсэн хэдий ч Зеленский Путин хэлэлцээ хийхэд бэлэн болсон гэх ямар нэгэн шинж тэмдэг одоогоор харагдаагүй гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.