Ai робот АНУ-ын Ерөнхийлөгчийн дуу хоолойг ашиглан, иргэд рүү утсаар залгаж, ярьсан хэрэг гарчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ai робот АНУ-ын Ерөнхийлөгчийн дуу хоолойг ашиглан, иргэд рүү утсаар залгаж, ярьсан хэрэг гарчээ

АНУ-ын Нью Хэмпшир мужийн прокурорын газраас мэдэгдсэнээр тус мужийн иргэд рүү өнгөрсөн амралтын өдрүүдээр сэжиг бүхий дуудлага ирсэн бөгөөд дуут шуудан дэх хоолой нь ерөнхийлөгч Байдены хоолойг хиймэл оюун ухаан ашиглан дуурайлгасан байсан гэжээ. Дуудлагын агуулга нь мягмар гарагт явагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны санал хураалтад оролцохгүй байхыг уриалсан байсан гэж мэдэгдэлд дурдагдсан байна.

“Та нар мягмар гарагт саналаа өглөө гээд юуг ч өөрчилж чадахгүй. Харин 11-р сард өөрчлөлтийн төлөө саналаа өгөөрэй” гэсэн уг дуут шууданг илгээсэн хэргийн ард Ардчилсан намын хэн нэгэн албан тушаалтан байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэх зорилго агуулсан байна гэж мужийн прокурорын газар үзэж байгаа юм. Энэ ташрамд, прокурорын газраас иргэдэд хандаж, ерөнхийлөгчийн сонгуулийн сугалаанд саналаа өгөх эсэх нь 11-р сард явагдах ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөд нь ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн мэдээллийг өгчээ.

Энэхүү оролдлого нь Нью Хэмпшир мужийн иргэдэд хөндлөнгөөс нөлөөлж, тус мужид явагдаж байгаа сонгуулийн сунгаанд саналаа өгөх иргэдийн эрхэнд хууль бусаар халдсан явдал тул Нью Хэмпширийн иргэд та бүхэн энэ дуут шуудангийн агуулгыг хэрэгсэхгүй байх нь зөв гэж прокурорын мэдэгдэлд дурдсан байна.

Улс төр судлаач нар болон хуурамч мэдээллийн чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүд энэ жилийн АНУ-ын сонгуулийг энэ мэт хуурамч дуу, дүрс, AI deepfake технологи хамгийн ихээр ашиглагдсан сонгууль болно гэж таамаглаж байгаа. Өнгөрсөн жил Бүгд найрамдах намын үндэсний зөвлөлөөс ерөнхийлөгч Байден дахин дэвших тухайгаа зарласан агуулгатай бичлэгийг AI ашиглан бүтээж, олон нийтэд цацаж байсан удаатай. Мөн тус намын сунгаанд нэр дэвшигч, Флорида мужийн захирагч Рон ДеСантис өөрийн нам доторх гол өрсөлдөгч болох ерөнхийлөгч асан Дональд Трампыг COVID19-н үеэр нэрд гарсан Энтони Фаучи эмчтэй цуг зураг авахуулсан байдлаар AI ашиглан бүтээсэн зургийг нийтэлж байв.

Дээрх үйл явдлаас улбаалаад, мөн гадаадын зарим нэг улсын сонгуульд AI deepfake ашиглаж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого гарсан зэргийг үндэслээд, Нью Хэмпшир мужийн хууль тогтоогчид AI ашиглан бүтээсэн улстөрийн агуулгатай контентыг зохицуулах хуулийн төсөл боловсруулах ажилдаа оржээ.

Мөн Public Citizen нэртэй хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэгч ТББ-н ерөнхийлөгч Роберт Уайсман энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Улстөрд deepfake өргөнөөр ашиглагддаг цаг үе иржээ. Хууль тогтоогчид энэ асуудлыг зохицуулж, хамгаалахгүй бол бид сонгуулийн эмх замбараагүй байдалд орох нь” гэсэн байна.

Тус мужийн прокурорын газраас энэ хэрэг дээр мөрдлөг эхлүүлэн шалгаж байгаа бөгөөд анх гомдол гаргасан хүн нь мужийн Ардчилсан намын хуучин дарга Кэйтлин Салливан нэртэй эмэгтэй юм. Тухайн автоматжуулсан дуудлагыг хийхэд, хүлээн авагчийн утсан дээр нь түүний нөхрийн утасны дугаар гарсан гэж иргэд мэдээлсэн бөгөөд, уг дуудлагын жагсаалтаас нэрээ хасуулахыг хүсвэл ийшээ залга гээд хатагтай Салливаний гар утасны дугаарыг өгсөн байсан гэж прокурорт гаргасан түүний гомдолд дурдагдсан байжээ.

Хатагтай Салливан нь өөрийн муж дахь Ардчилсан намын сонгуулийн багийн санхүүчийн үүрэг гүйцэтгэж байгаа ба Мягмар гарагийн сунгаанд иргэдийг ерөнхийлөгч Байденд саналаа өгөхийг уриалж, сонгогчдыг төөрөгдүүлж, мэхлэх гэсэн энэ мэт оролдлогыг зүгээр өнгөрөөж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн ажээ.

Эх сурвалж: nytimes

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХУД-ийн 18-р сургуулийн өргөтгөл ашиглалтад оржээ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХУД-ийн 18-р сургуулийн өргөтгөл ашиглалтад оржээ
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.