Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжлээ

/2023.10.11/: Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил даргалсан бөгөөд эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг.

Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн гэв. Иймд Улсын Их Хурал дахь олонхын бүлэг Д.Цогтбаатар гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн.

1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр 2016, 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016-2023 онд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан байна. Одоо Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга бөгөөд орос, англи, герман, кхмер хэлтэй хэмээн танилцуулав.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажилласан, олон улсын эрх зүйч мэргэжилтэй Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.

May be an image of 3 people and text that says 'монголулсыниххурал'

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 12 гишүүн санал нэгтэйгээр Д.Цогтбаатар гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс хүүхдийн эрхийг хамгаалах, хангах асуудлаар, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ.

Ийнхүү Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Эх сурвалж: УИХ

Гэр бүл хүүхэд залуучуудын газрыг өөрчиллөө
Гэр бүл хүүхэд залуучуудын газрыг өөрчиллөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.