\2023.09.09\
Марокко улсын төв хэсэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, наад зах нь 296 хүн амиа алдсан гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ. Газар хөдлөлтийн голомт нь Марракешээс баруун өмнө зүгт 71 км-ийн зайд орших Өндөр Атлас ууланд, 18.5 км-ийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 23:11 (GMT 22:11) цагт болсон байна. Томоохон газар хөдлөлт болоод 19 минутын дараа 4.9 хүчтэй жижиг доргилт болсон бөгөөд Марракеш болон өмнөд нутгийн хэд хэдэн дүүрэгт хүмүүс нас барсан гэж тус яам мэдэгдэв."Урьдчилсан мэдээгээр газар хөдлөлтийн улмаас Аль-Хауз, Марракеш, Уарзазат, Азилал, Чичауа, Тарудат муж, хотын захиргаанд 296 хүн амь үрэгдсэн" гэж мэдэгдэлд дурьдсан бөгөөд 153 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
X (хуучнаар Twitter) дээрх баталгаажаагүй видео бичлэгүүд эвдэрсэн барилгууд, бусад барилгууд чичирч, нурангид дарагдсан гудамжуудыг харуулах бөгөөд, хүмүүс сандарсандаа зугтаж, зарим нь тоос шороон дундуур алхаж байгаа харагдана. Марракешийн хуучин хотын зарим барилга нурсан гэж нэг оршин суугч Ройтерс агентлагт ярьжээ. X-ийн \хуучнаар Twitter \ хэд хэдэн бичлэгт барилга нурж байгааг харуулсан ч BBC хаана байсныг нь тогтоогоогүй байна.
Нутгийн иргэд хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийллээс болгоомжлон гэрийнхээ гадаа байхаар шийджээ.
Хотын нэгэн оршин суугч "хүчтэй чичиргээ" мэдэрч, "барилгууд хөдөлж байгааг" харсан гэлээ.
Абдельхак Эль Амрани Франс Пресс агентлагт (AFP) хэлэхдээ "Хүмүүс бүгд цочирдож, сандарч байсан. Хүүхдүүд уйлж, эцэг эх нь сандарч байсан." Тэрээр арван минутын турш цахилгаан, утасны шугам тасарсан гэж хэлжээ. Түүнчлэн AFP агентлагийн мэдээлснээр нэг гэр бүл нурсан байшингийн нурангид дарагдаж, хотын хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Өндөр Атлас уулсын алслагдсан бүсэд газар хөдлөлтийн төв нь харьцангуй гүехэн байсан бөгөөд чичиргээ 350 км-ийн зайд орших нийслэл Рабат болон Касабланка, Эссауира хотод ч мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомттой ойролцоох уулын тосгонд баригдсан энгийн барилгууд гадар хөдлөлтийг тэсэж чадаагүй байж магадгүй бөгөөд алслагдсан нутгийн хохирогчдыг тогтооход багагүй хугацаа шаардагдана гэжээ.
Эх сурвалж BBC