Өмнөд Английн Корнволл тойргийн замын цагдаагийн газраас хөл хөдөлгөөн ихтэй гол зам дээр хиймэл оюун ухааны технологи бүхий замын хяналтын камер байрлуулжээ.
Үүний үр дүнд 72 цагийн дотор 300 гаруй жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгааг олж илрүүлсэн байна. Үүнээс хойш ахиад 5 өдөр болоход зөрчлийн тоо бүр 1000 давжээ.
Acusensus компанийн хөгжүүлсэн AI технологи бүхий камерын хяналтын системийг суудлын даруулга зүүсэн эсэх, жолооны ард гар утас ашиглаж байгаа эсэх зэрэг жижиг зөрчлийг хянах зорилгоор туршиж байгаа ба туршилтын хугацаанд 180 суудлын бүсний зөрчил болон жолоо барьж байхдаа гар утас ашигласан 117 зөрчил тус тус илрүүлсэн байна. Энэхүү туршилт нь цагдаагийн байгууллага болон өөр бусад хэд хэдэн байгууллагын хамтран хэрэгжүүлж буй Vision Zero South West төслийн хүрээнд хийгдэж байгаа ажээ.
Лондон хотоос Английн хамгийн баруун урд зах хүрдэг А30 зам дээр камерыг байрлуулсан ба камер нь замын хөдөлгөөний нягтралыг хянаж, инфра улаан туяаны гэрэл, хүчирхэг линз, дүрсний шүүлтүүрийн системийн тусламжтайгаар хурдтай явж байгаа жолооч нарын дүрсийг өндөр нягтралтай, тод авч дамжуулж байна. Авсан дүрсүүдийг AI шинжилж, дүрэм зөрчсөн жолооч нарыг илрүүлнэ, илрүүлсэн зургуудаа AI нь цагдаагийн байгууллага руу хянуулахаар илгээдэг гэнэ.
Хэрэв цагдаагийн байгууллагаас зөрчлийг баталгаажуулж тогтоовол тухайн жолоочийн хаягаар мэдэгдэл, анхааруулга хүргүүлэх буюу ноцтой зөрчил дээр зөрчлийн хэрэг үүсгэх байдлаар шийдвэрлэх юм.
Энэ нь замын хөдөлгөөнийг AI хяналтын системээр хянаж буй анхны тохиолдол биш бөгөөд урьд өмнө нь жолооч нарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, жолооны ард нойрмоглож яваа эсэхийг ч мөн ийм системээр хянаж байв. Acusensus компани л гэхэд Англи, Австралид энэ төрлийн туршилтын хяналтыг сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа хийж байгаа гэж мэдээлжээ.
Үүнээс гадна Их Британийн хурдны замуудын хажуугаар AI камер байрлуулж, жолооч нар цонхоороо хог хаяж байгаа эсэхийг хянадаг бол Испанийн Барселон хотын метро нь тасалбаргүй “туулайчлагсад”-ыг илрүүлэх, АНУ-ын Нью Йорк хотын метроны AI камер нь тасалбаргүй зорчигсдын давтамжийг илрүүлэх, хянах зорилгоор хиймэл оюунд түшиглэсэн камерын хяналтын систем ашиглаж байна.
Английн Девон болон Корнвоолын цагдаагийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга Адриан Лейск мэдэгдэл хийхдээ жолоо барьж байхдаа гар утас ашиглаж байгаа болон замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүсээ ашиглахгүй байгаа жолоочдын тоонд маш их сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, “бид одоо орчин үеийн технологийн шийдэл ашиглаж байгаа тул дээрх зөрчил гаргагсад баригдахгүй өнгөрнө гэж байхгүй” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: businessinsider