Тарваган тахал өвчнөөс сэргийлэх зорилгоор товчоодуудад шалгалт гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх зорилгоор товчоодуудад шалгалт гарчээ

/2023.08.11/: Нийслэлийн Засаг даргын Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай А/862 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НОК-ын орлогч, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням дүүргийн Онцгой комисс болон холбогдох алба, мэргэжлийн газрын удирдлагатай хамтарсан хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өглөө.

Уг захирамжаар 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн 8 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон баталгаат бус замуудад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлэх юм. Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Экологийн цагдаагийн алба ахалж хяналт шалгалтыг явуулах аж.

НОК-ын орлогч, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням байгалийн голомтот тарваган тахал өвчнөөс учрах аюул болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх, нутаг дэвсгэртээ тарваганы мах худалдан борлуулах эрсдэлтэй газруудад хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулахыг холбогдох албадад үүрэг болголоо.

Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахад:

• Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэн Г тарваганы мах худалдан авч идэж тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй өвдсөн нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2023 оны наймдугаар сарын 08-ны өдрийн шинжилгээний хариугаар “Тарваган тахал өвчний гэдэсний хэлбэр” батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж биеийн байдал хүндэвтэр, ойрын хавьтлын 9 хүнийг тогтоож хяналтад авсан. ЗӨСҮТ-өөс Шуурхай хариу арга хэмжээний 2 баг 3 техник хэрэгслийг голомт бүхий 5 газарт (айл өрх 3, амралтын газар 1, автомашин 1) нийт 385 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг зохион байгуулсан байна.

• Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хороололд наймдугаар сарын 10-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртггэгдэж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний хариугаар онош үгүйсгэгдсэн.

Иймд:

  • Тахлын байгалийн голомттой буюу түүний зэргэлдээх нутагт байгаа хүн ам тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх
  • Тарваган тахал өвчнөөр өвчилсөн, түүнтэй төстэй өвчнөөр өвчилсөн хүнд ойртох, гэр байранд нь орох, эд юманд нь хүрэхийг цээрлэх
  • Эмч, эмнэлгийн байгууллагын зөвлөгөөг биелүүлэх, хөл хорионы дэглэмийг чанд сахих
  • Байгалийн голомтот нутагт зөвшөөрөлгүй агналт хийхгүй байх. Нохой буюу хавхаар тарвага агнахгүй байх. Үхсэн мэрэгчид хүрэхгүй байх
  • Амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг

Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна

Зайсангийн аманд олон жил болсон нүхэн жорлонгуудыг буулгажээ
Зайсангийн аманд олон жил болсон нүхэн жорлонгуудыг буулгажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.