/2023.5.9/ Иргэдийн оршин байгаа орчинд юу хийж болох вэ гэдэг санал асуулгыг Орон нутгийн хөгжлийн сангаар (ОНХС) авч байна. Нийслэлийн санал асуулга зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
Хэрхэн саналаа өгч болох вэ гэдэг видео тайлбарыг үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ болно. Текст заавар үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ уншаарай.
Харамсалтай нь нийслэлийн иргэдэд ОНХС-ийн талаарх мэдээлэл дутмаг байна. ОНХС-ийн журамд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар иргэдийг мэдээллээр хангах үүрэгтэй.
Гэвч эдгээрийн аль нь ч журамд заасан үүргээ биелүүлэхгүй байна.
ИРГЭД МЭДЭЭЛЭЛГҮЙ
Эдгээрээс иргэдэд хамгийн ойр ажилладаг нь Хорооны засаг дарга нар. Тухайлбал, иргэн та ОНХС-д саналаа өгөх гэж байна гэж бодъё. Гэтэл Таны орчимд асуудал байхгүй байж болох ч, танай хорооны нутаг дэвсгэрт ямар асуудал байгааг жирийн иргэн мэдэхгүй.
Тиймээс хорооны дарга нар та бүхэн өөрийн хороондоо тулгамдаж байгаа 10 асуудлыг тодорхойлж, тэдгээрийг иргэддээ танилцуулан, ОНХС-д иргэдээс санал авахыг уриалж байна.
ОНХС-ийн хуваарилагддаг мөнгө бага, хийсэн ажил байхгүй гэдэг ч иргэдээ мэдээллээр хангаж, хороондоо тулгамдаад байгаа асуудалд санал өгүүлж, чиглүүлэх ажил нь үндсэндээ хорооных билээ.
Зарим иргэд дараах саналыг хэлж байв. Иргэн Алимаа:
-Би и-монголиа аппликэйшнээр ОНХС-д саналаа өгсөн. Гэхдээ яг юун дээр саналаа өгөхөө сайн ойлгоогүй учир “Гэрэлтүүлэг” гэдгийг сонгосон. Уг нь хороон дарга маань “Манай хороон дээр нэн яаралтай шийдэх 10 асуудал байна” гэдэг ч юм уу тэгээд иргэддээ танилцуулвал бид тэдгээрээс өөрт хамааралтай асуудлаа сонгоод, саналаа өгөх боломжтой гэсэн юм.
Иргэн Отгонтуяа:
-Манай хороонд ямар асуудал байгааг мэдэхгүй учир ОНХС-д саналаа өгдөггүй гэв.
Иргэн Доржханд:
-Саналаа өгч үзсэн. Гэхдээ хэзээ ч миний санал биелж байсныг мэдэхгүй, тийм зүйл байхгүй. Дахиж санал өгөх хүсэлгүй гэв.
Иргэдийн өгүүлж байгаагаас харвал иргэд саналаа өгөх хүсэлтэй, өгч байсан нь харагдана. Харин тэдгээрийг ажил хэрэг болгож, иргэдийг мэдээллээр хангах ажил дутмаг байна.
ДҮҮРЭГ, ХОРООНЫ УДИРДЛАГУУД ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР
ХАНГАДАГГҮЙ
Дүүрэг нь хороогоо, хороо нь иргэдээ мэдээллээр хангадаггүй байдал сурвалжлагын явцад ажиглагдав. Тухайлбал, хэсгийн ахлагч нар болон хорооны зохион байгуулагчид энэ жил дүүрэгт хэчнээн төгрөг төсөвлөгдөж, юу хийгдэх талаар ямар ч мэдээлэлгүй байлаа.
Тиймээс бид Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ыг дүүрэг тус бүрээр хүргэж байна.
Энэ дагуу хороо, дүүргүүд иргэддээ мэдээллийг хүргэж, энэ жилийн арга хэмжээний санал авахдаа ирэх жил энэ мэт ажил хийгдэх боломжтой гэдгийг дуулгахыг хүсье.