БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “НЭГ ХЯТАД“ бодлогоо сануулах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “НЭГ ХЯТАД“ бодлогоо сануулах уу?

/2022.8.8/ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлалаа эхлүүллээ.

Түүнийг манай улсад айлчлахын өмнөхөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж, Хятад улсын "Нэг Хятад" бодлогын үл тоож, ардчиллын төлөө Тайваний талд зогсоно гэдгээ илэрхийлсэн билээ. Энэ үйл явдал ердөө таван хоногийн өмнө болсон юм.

Монгол Улсад айлчилсныхаа дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Бангладешт айлчлах юм.

МОНГОЛ УЛС БОЛ "НЭГ ХЯТАД" БОДЛОГЫГ ДЭМЖИГЧ

Хятад улсын “Нэг Хятад” бодлогыг манай улс тууштай дэмжигч гэдгээ хамгийн сүүлд гэхэд 2017 онд Монгол болон Хятад улсын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурьдсан бол 2022 оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдлээр ч баталгаажуулан дурьдсан байдаг.

БНХАУ 1949 оны аравдугаар сарын 1-нд байгуулагдсан. Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны улс нь Бүгд Найрамдах Монгол Улс юм. Улмаар хоёр улс 1949 оны аравдугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. 2003 онд “Харилцан итгэлцэлд суурилсан нөхөрсөг хөршийн харилцаа” хэмээн харилцаагаа тодотгосон байдаг.

Эдийн засгийн харилцааны хувьд манай улс Хятад улсаас хэт хамааралтай. Улстөрийн харилцааны хувьд Далай ламын айлчлал, түүнтэй холбоотой асуудлаас үл ойлголцол үүсдэг. Бусдаар харилцан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрсөн, газар нутгийн маргаангүй орнууд юм.

ЭНЭ УДААГИЙН АЙЛЧЛААР БООМТОО ШИЙДҮҮЛЧИХВЭЛ...

Ван И сайд манай улсад хамгийн сүүлд 2018, 2020 онуудад айлчилсан. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны наймдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Ван И сайдтай түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх хэлэлцээр хийж байв.

Үүнээс зургаан сарын дараа буюу 2022 оны эхээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэр тус улсын Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзаж, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.

Тэгвэл ойрхон хугацаанд олон удаа болсон харилцан айлчлалын эцэст манай улсад хийх гэж буй Ван И сайдын энэ удаагийн айлчлалаар бид бодитой алхмыг хүсэх нь зүйтэй болов уу.

"БООМТЫН СЭРГЭЛТ" ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦ ЯМАР БАЙНА ВЭ?

Манай улс авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомттой. Гэвч эдгээрээс авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт ажиллаж байна. Дэлхийн боомтын логистикийн хүчин чадлын индексээр манай улс 160 орноос 130 дугаарт жагсдаг.

Өөрөөр хэлбэл, “хаалга үүдээ” нээгээгүй атлаа эдийн засгийн хөгжил ярих нь утгагүй. Ундрахын олборлосон нүүрсийг Батад зарах гээгүй л бол экспорт, импортоо нээхийн тулд боомтын тоогоо нэмж, үйл ажиллагааг нь шуурхайлахаас аргагүй. Засгийн газрын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд 14 боомтыг хатуу хучилттай авто замаар холбох төсөл, арга хэмжээнүүдийг тусган зарим төслийг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд Ульхан, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Бичигт, Цагаан дэл, Даян, Цагааннуур боомтуудад ажиллаад байна.

БНХАУ-тай хиллэдэг боомтууд нь манай импорт, экспортын гол хаалгууд. Ковидын хоёр жилийн хугацаа болон тус улсын “Ковидгүй байх” бодлого нь манай улсын бараа эргэлтэд ноцтой нөлөөлөл үзүүлсэн.

Тиймээс БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалын хүрээнд боомтуудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах ажлыг яаравчлах асуудлыг бодит ажил хэрэг болгох хэлэлцээрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хийх болов уу хэмээн найдаж байна.

Ингэж чадвал инфляцийн түвшин өндөр байгаа манай улсын эдийн засагт тун ч нааштай эргэлт болох боломжтой.

Өнөөдрийн байдлаар 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу дараах боомтуудын үйл ажиллагааг сэргээгээд байна. Үүнд:

  • Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, энэ сарын 22-ноос эхлүүллээ. Ингэснээр хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг эхний ээлжинд татан авах хийж байна. Энэ боомтын үйл ажиллагааг 2021 оноос зогсоосон байв.
  • Хавирга-Архашаат авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж энэ сарын 22-ноос эхлэн үйл ажиллагааг эхлүүллээ. Энэ боомтын үйл ажиллагааг 2021 оны 8 дугаар сараас хойш зогсоогоод байсан юм.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үйл дараах боомтуудын хүчин чадлыг сайжруулах, үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дараах ажлууд хийгдсэн талаарх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, Чөлөөт бүсийн бодлогын газраас авсныг хүргэж байна. Үүнд:

  • Замын-Үүд – Эрээн авто замын боомтод Монголын тал Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талдаа 3 хэсэг талбай буюу нийт 24700 ам метр талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн. Ингэснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг саадгүй татан авах нөхцөл бүрдэнэ.
  • Ханги-Мандал боомтоор зөвхөн экспортын чиглэлээр төмрийн хүдэр, нүүрсний тээврийг задгай тэвшээр тээвэрлэж байсан бол энэ оны эхнээс зөвхөн чингэлгээр экспорт импортын тээвэр хийнэ гэсэн нөхцөлийн дагуу чингэлэгт тээвэрт шилжүүлсэн. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гуравдугаар сарын 11-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Тус төмөр зам нь бүтээн байгуулалт 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Тус 226.3 км төмөр замын суурь бүтцийг барьж, БНХАУ-ын төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 километр буюу 318 километрээр дөт болно.
  • Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлэхээр туршилтын тээврийг эхлүүлээд байна. Тус AGV нь нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан.
  • Шивээхүрэн-Сэхээ боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалт 56.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орно.
  • Бургастай-Лаоемяо боомтын үйл ажиллагааг сэргээж дөрөвдүгээр сарын 22-ноос төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлээд байна.
  • Булган-Такашикэн боомтуудаар нүүрсний экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
  • Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хилийн цэгийг Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд тохиролцсон бөгөөд холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцох төлөвтэй байна.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 86.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ ондоо багтан ашиглалтад орох хүлээлттэй байна.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ НААШИЛЖ, ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭНЭ

Яагаад боомтын сэргэлт чухал гэж?

“Монгол Улс одоогийн байдлаар нүүрс экспортлох боломжийнхоо 20%-ийг л ашиглаж байгааг дуулгав. Тодруулбал манай улсын хувьд нүүрс экспортлох боломжтой боомтуудын хүчин чадлыг авч үзвэл нийтдээ 225 сая тонноор хэмжигдэнэ. Бодит байдал дээр хамгийн ихдээ 36 сая тонныг экспортолсон байдаг. Энэ нь Монгол Улс экспортын боломжийнхоо 1/5-ийг ашиглаж байна гэсэн тооцоолол руу хөтөлнө. Боомтын шинэчлэлийн дараа гагцхүү Гашуунсухайт-Ганцмод боомтоор даруй 80 сая тонн нүүрсийг Монголын талаас нийлүүлэх боломжтой болно”

Дээрх эшлэлийг “Монгол Нүүрс Ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн мэдээлэл солилцох цахим хурлын үеэр илтгэжээ.

Манай улс энэ жил 36 сая тонн нүүрсийг БНХАУ руу экспортлох төлөвлөгөөтэй байсан ч “Ковидгүй байх” Хятад улсын бодлогын нөлөөгөөр манай улс төсвийн тодотголдоо өөрчлөлт оруулж, 18 сая тонн экспортлохоор бууруулсан.

“Chalco Trading” группын охин компани “Chalco Inner Mongolia International Trading”-ийн дэд захирал Ван Жинсуо“Ганцмод бол онцгой чухал гарц бол Эрээний боомт нь Хэбэй муж руу нүүрс тээвэрлэхэд илүү давуу тал олгоно. Харин Мандал боомт нь бүс нутгийн хувьд давуу талтай” хэмээн Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн мэдээлэл солилцох цахим хурлын үеэр илтгэл тавьсан талаар mongolianminingjournal.com онцолжээ.

Ингээд харвал БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалаар нүүрсний экспортын хэмжээгээ нэмэх бодитой хэлэлцээрийг хийж чадвал Засгийн газрын Боомтын сэргэлт хөтөлбөрийн нэгэн том ахиц дэвшил болох биз ээ.

Та бүхэнд Монгол Улсаас БНХАУ-тай хиллэдэг боомтуудын товч мэдээллийг хүргэж байна.

Жич: Хүснэгтийг гар утсан дээр бүтнээр харахын тулд зүүм хийнэ үү.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД
НЭР БАЙГУУЛАГДСАН ОН БАЙРШИЛ ХИЛЛЭСЭН БАЙДАЛ

Төмөр замаар холбогддог, байнгын ажиллагаатай боомт
1 Замын-Үүд 1956 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнөд хошуунд байрладаг Эрээн төмөр замын боомттой хиллэдэг.

Автозамаар холбогддог, БАЙНГЫН ажиллагаатай боомтууд
2 Булган 1989 Ховд аймгийн Булган сумын Хөх үзүүр багийн Ярант нэртэй газар байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг.
3 Замын-Үүд 1992 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнөд хошуунд байрладаг Эрээн авто замын боомттой хиллэдэг.
4 Бичигт 1992 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг Зүүнхатавч боомттой хиллэдэг.
5 Шивээхүрэн 1992 Өмнөговь аймгийн Гурвантас сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша аймгийн Эзнээ хошуунд байрладаг Сэхээ боомттой хиллэдэг.
6 Гашуунсухайт 1992 Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг. ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны Баяннуур аймгийн Урдын дунд хошуунд байрладаг Ганцмод боомттой хиллэдэг.

Автозамаар холбогддог, ТҮР ажиллагаатай боомтууд
7 Сүмбэр 2013 Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Харчин баруун гарын хошуунд байрладаг Рашаан боомттой хиллэдэг.
8 Даян 1991 Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөхтохой хошуунд байрладаг Хуншаньзюй боомттой хиллэдэг.
9 Байтаг 1992 Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймгийн Читай хошуунд байрладаг Улиастай боомттой хиллэдэг.
10 Бургастай 1991 Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Шинэ Бургастай гэдэг нэртэй газар байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн Бархөл хошуунд байрладаг Лаоемяо боомттой хиллэдэг.
11 Ханги 2002 Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянганы холбоот хошуунд байрладаг Мандал боомттой хиллэдэг.
12 Баянхошуу 1991 Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрладаг. ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошуунд байрладаг Өвдөг боомттой хиллэдэг.
13 Хавирга 1992 Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга баруун хошуунд байрладаг Архашаат боомттой хиллэдэг.

Говьсүмбэр аймгийн удирдлагууд 300 сая төгрөгөөр автомашин авна
Говьсүмбэр аймгийн удирдлагууд 300 сая төгрөгөөр автомашин авна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.