Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэг үүсэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэг үүсэж байна

/2022.05.16/: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, явган хүний замын тэмдэглэгээ, орц, гарц, сургууль орчмын хурд сааруулагч, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх талаар ямар ажлууд хийж байгааг дүүргийн удирдлагуудаас Хотын дарга тодруулсан.

Дүүргийн удирдлагууд хүүхдийг эрсдэлээс хамгаалах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа ч дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэг үүсэж байгааг онцолж байв. Мөн гарааш чөлөөлөлтийн ажлууд эрчимтэй үргэлжилж байгааг хэлж байлаа. Тухайлбал, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Найман хороонд иргэдтэйгээ хамтран тохижилтын ажил хийж байна. 100 гаруй гарааш буулгаж, иргэдийн оролцоотой ногоон байгууламж байгуулахаар зорьж байгаа. Ингэснээр ногоон байгууламжаа 30 хувиар нэмнэ гэж тооцсон.

Хороо бүрээс 40 иргэнийг иргэний бүлэг болгон ажиллуулж, 360 хүн ногоон байгууламж, тохижилт, хог цэвэрлэгээнд ажиллаж байна. Гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тохижилтын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн бол Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэгүүд үүсэж байна. Хүй 7 худагт л гэхэд зургаан төвлөрсөн хогийн цэг үүссэнийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор цэвэрлэсэн. Төвлөрсөн 500 гараашийг чөлөөлж, бүтээн байгуулалт хийхэд бэлэн болсон” хэмээв.

Баянзүрх дүүргийн хувьд сургууль орчмын аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн 160 мянга гаруй мод тарихаар төлөвлөжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян зохион байгуулж, эрсдэлтэй газруудаа тодорхойлон, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласан. Хог хаягдлын хувьд хүний нөөц хомсдож, машин, техник эвдэрч байна. Ачигч, жолооч нар барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор өндөр цалин амласан газар ажиллаж байгаа. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслангийн бүсэд хогийн цэг үүсэж байна. 500 гаруй хашаа, хайсыг буулгаж, ногоон хайс тарах ажлыг эхлүүлсэн” гэв. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд ТҮЦ байгуулж байгаа хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг ч хэлж байлаа.

Хотын дарга бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаа хэдий ч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж болохгүй гэдгийг тодотгов.

Эх сурвалж: НЗДТГ

Барилга, байгууламжтай холбоотой өргөдөл, гомдол хамгийн их байна
Барилга, байгууламжтай холбоотой өргөдөл, гомдол хамгийн их байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.