/2022.02.28/: Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
“Оюутан-цэрэг” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана. “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагч нь 18 нас хүрсэн байна.
Тус сургалтад бүртгүүлэх хүсэлтийг 3/1-3/10 хооронд "e-Mongolia" платформоор авна.
Шалгуур нь:
- 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
- Сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх
- Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгоно.
Энэхүү цахим платформоор бүртгэх үйлчилгээ нь 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдөр нээгдэж, гуравдугаар сарын 10-ны орой хаагдана.
Эх сурвалж: БХЯ