/2022.01.11/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн ажилтан О.Бямбагэрэл омикрон хувилбарын талаар анхаарах зүйлсийг нийтэлжээ. Тэрээр:
- Хоолой хөндүүрлэх хамар битүүрэх, халуурах шинж тэмдгээр илэрнэ. Халдварлах чадвар өндөр. Хүндрэх магадлал, хоруу чанар бага. Тэглээ гээд анхаарал сэрэмж алдаж болохгүй. Та бидний эргэн тойронд буй өндөр настан, жирэмсэн, хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс гэх мэт эрсдэлт бүлэг хүндэрнэ.
- Гуравдугаар тунтай гурван сар болсон бол вакцины үйлчлэх хугацаа буурна. Дөрөвдүгээр тунг хийлгэх шаардлагатай. Вакцин хийлгээд 3-4 хоноход эсрэг биеийн хэмжээ өсч, 21 дэх хоног дээр оргил үед хүрч Омикроноос сайн хамгаалж байна. (Дэлхийн олон судалгаа гарсан)
- Олон хүнтэй газраас зайлсхийх, маскаа зүүх, дархлаагаа дэмжих гээд бид сүүлийн хоёр жил хэрэглэж хэвшсэн аргаа цалгардуулахгүй байх.
Дэлхийн улсуудын судалгаагаар Омикроны халдвар нэг сарын хугацаанд эрчтэй дэгдээд огцом буурах тал ажиглагдсан. Бид хүндрэл хоруу чанар ихтэй дельтаг давсан. Омикроныг эрсдэл багатай давахын тулд хүн бүр л хичээх хэрэгтэй бна даа. Хүмүүс 40, 50 дахь вакцин гээд уурлаж ундууцах юм. Харамсалтай нь "Ковид-19" вирус хэд дахин хувирахыг дэлхий мэдэхгүй байна. Мөн удаан хугацаанд үйлчлэх вакциныг хаана ч бүтээгээгүй юм. Тиймээс бидэнд сөрж, дасан зохицож амьдрах л сонголт байна. Ийм үед манай улсад 2,8 сая тун вакцины нөөц байгаа нь давуу тал болж байгаа юм.