/2021.12.27/: Нефтийн үнэ 2022 онд ямар байх талаар мэргэжилтнүүд болон албаныхан таамгаа дэвшүүлээд эхэлжээ.
Дэлхийн нефтийн зах зээлийн голлох тоглогчдын нэг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новакийн таамгаар бол нефтийн үнэ 2022 онд нэг баррель нь 75 ам.доллар орчим, хэлбэлзэл нь 10% орчим байх магадлалтай ажээ. Ямар ч тохиолдолд үнэ огцом буурахгүй юм байна. Үнэ цаашид өсөхөд дэлхийн эдийн засгийн өсөлт, газрын тосны эрэлт нөлөөлж байгааг тэрээр онцлов. Түүнчлэн газрын тос ойрын 10-15 жилд дэлхийн хэмжээнд эрэлттэй хэвээр байх бөгөөд 2050 оноос хойш ч хэрэглээ нь нэмэгдэх болно гэдгийг Ерөнхий сайдын орлогч хэллээ.
“Манай мэргэжилтнүүдийн урьдчилсан таамаглалаар 2040 онд газрын тосны эрэлт өдөрт 74-114 сая баррель болно. Харин 2050 он гэхэд нефтийн үнэ бодит нөхцөл байдлаас шалтгаалан нэг баррель нь 40-70 ам.доллар байх магадлалтай" гэж Новакийн хэлснийг "Energy Policy" сэтгүүл иш татжээ.
“Лукойл” компанийн дэд ерөнхийлөгч Леонид Федун энэ сарын 17-нд үнийн өсөлтийн талаар ярихдаа, ОПЕК (Нефть экспортлогч орнуудын холбоо) болон талуудын хэлэлцээрийн ачаар ирэх онд нефтийн зах зээл үнийн хэлбэлзлээс хамгаалагдах боломжтой болсон бөгөөд 2022 онд нэг баррель нефтийн үнэ 60-80 орчим ам.доллар байх ажээ.
Тэрээр "Хэдийгээр ОПЕК газрын тосны олборлолтын тэнцвэрийг хадгалж байгаа ч дэлхий нийт нөөцийн хомсдолд орох аюул нүүрлээд байна. Таван жилийн дараа бид нөөцийн хомсдолд орох магадлал их болсон. Энэ нь хайгуул тойрсон олон асуудалтай холбоотой” гэж нэмж ярьжээ.
АНУ-ын Эрчим хүчний яам газрын тосны нөөцийнхөө талаар өнгөрсөн баасан гаригт мэдээлсний дараа дэлхийн нефтийн зах зээлийн үнэ 1% өссөн байна. АНУ-ын газрын тосны нөөц 4,58 сая баррелиар буурч, 428,29 сая баррельд хүрчээ.