/2021.12.27/ УОК-ын нэгдсэн шуурхай штабаас омикрон хувилбарын талаар болон цаг үеийн мэдээллийн талаар тайлбар өглөө.
УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
Өнөөдрийн байдлаар дэлхийн 114 улсад омикрон хувилбар бүртгэгдсэн байна. Эдгээр улсад халдварын тохиолдол маш их бүртгэгдэж байна. Иймээс УОК, ХӨСҮТ, ЭМЯ-ны саналыг үндэслэн гурав хоног тусгаарлаж, давтан шинжилгээ авах шийдвэр гарсан. Зочид буудал тус үйл ажиллагаатай хамтран ажиллаж байна.
Тусгаарлалтын зохион байгуулалтын явцад гадаадаас ирсэн иргэдэд алдаа гаргаж, чирэгдэл учруулсан тохиолдол гарсан. Өчигдөр, иргэнийг удаан хугацаагаар хүлээлгэсэн асуудал гарсан, алдаа гаргасан алба хаагчид хариуцлага тооцож шийдсэн.
Тусгаарлалтын үйл ажиллагааг иргэдэд хүндрэл учруулах, чирэгдэл учруулахын тулд хийгээд байгаа юм биш ээ. Бид эрсдэлтэй нөхцлийг үүсгэхгүй байхын тулд тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан.
Өнөөдрийн байдлаар 19 зочид буудал бидэнтэй хамтран ажиллаж байна. Үүнээс 16-д нь 700 орчим иргэнийг тусгаарласан байдалтай байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим нэг буудал нь бидэнтэй хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Улаанбаатарын эргэн тойронд 300 гаруй зочид буудал байна. Тусгаарлалтын буюу шаардлага хангасан 30 орчим буудал байна. Аж ахуйн нэгж байгууллагыг дайчлах бус, сайн дурын үндсэн дээр хамтран ажиллаж байна.
Процессын алдаа гарч, иргэдийг бухимдуулсан. Гол нь бид дээрх үйл ажиллагааг зохион байгуулахгүй бол дотоодод халдвар алдаж, нийтээрээ хүнд нөхцөлд байдалд орох эрсдэлтэй. Гарсан алдааг залруулахын тулд тодорхой албан тушаалтад хариуцлага тооцно.