/2021.11.17/: Нийгмийг соён гэгээрүүлэх үйлийн чухал хэсэг нь хүүхдийг номтой нөхөрлүүлэх юм.
Хүүхдийн бүтээлч сэтгэхүй, ном унших, номтой нөхөрлөх таатай орчинг бүрдүүлэх, хүүхдийн ном уран бүтээлийн онцлогийг дэлгэн сонирхуулах, уншлагыг нас насны онцлогт тохируулан зохион байгуулах, хүүхдийн номын орчин үеийн чиг хандлагыг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүдэд таниулах, хүүхдийн ном бүтээх сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүүхэд ба ном” арга хэмжээг Соёлын бүтээлч сарын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар дахь Русский дом (РЦНК)-д зохион байгуулхаар төлөвлөөд байна.
Уг арга хэмжээний үеэр “Тэргүүний уншигч” хүүхдүүдийн ном уншсан туршлагаас хуваалцах, номын сангаас хүүхдүүд хамгийн их уншсан номын үзэсгэлэн, хүүхдийн насны ангилал, сонирхлоор төрөлжүүлсэн номын танилцуулга, олон улсын шилдэг туршлагийг нэвтрүүлсэн ном бүтээлийн үзэсгэлэн, цахим контент, анимейшн зэрэг ажлууд зохион байгуулагдана.
Долоон өртөө засагдаж тус бүрт зурагт ном видеоноос юугаараа ялгаатай, чухал болохыг жишээгээр тайлбарлах, үзэгч сонирхогчдод хүүхдийн номын тухай чөлөөт ярилцлага өрнүүлэх, хүүхдийн зохиолчдын номын үзэсгэлэн, шинэ номын яриа, уншигчидтайгаа уулзах уулзалт, сургалт танилцуулга, хүүхдийн гарын жижиг булчингуудыг хөгжүүлж, логик сэтгэлгээ, ой тогтоолт, анхаарал төвлөрөх, сэтгэн бодох, төсөөлөх, ажиглах, судлах, турших, өнгө дүрс ялгах бүтээлч чадварт сургах бүтээлүүдийг дэлгэн сонирхуулах юм.
Мөн богино хугацаанд номын тухай мэдээллийг түгээх, ном бичих соёлыг зөвөөр танин мэдэж, бусдадаа үлгэрлэх, цахим орчинд номтой холбогдох мэдээ, мэдээллийг түгээн дэлгэрүүлнэ.
Арга хэмжээнд хүүхдийн зохиолч уран бүтээлчид, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллага, ЕБС, СӨБ-ийн багш, 12-оос дээш насны сурагчид оролцох боломжтой юм.
Энэхүү арга хэмжээг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Номын соёлт ертөнц ТББ, Улаанбаатар дахь Русский дом хамтран зохион байгуулж, МОНЦАМЭ Агентлаг, Хатун төв, Ergelt.mn - Оюунлаг ирээдүйн төлөө, Хүүхдийн төв номын сан, Хүүхдийн зохиолчдын “Эвт үзэг” төв, Жангар хүүхдийн номын редакц, “Шидэт өнгө” ХХК, Өсөх сэтгэхүй төв, Аргун групп, “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сан зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна.
Эх сурвалж: Соёлын яам