/2021.11.01/: Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад инфляц 9.5 хувьтай байна. Инфляц өссөн голлох шалтгаан нь гадаад сектор байна.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг улс орнуудын хувьд болон манай хөрш хоёр улсын хувьд ч инфляц өсөж байна. АНУ-д инфляц төсөөлснөөс хоёр дахин, Япон Улсад 2.5 дахин нэмэгдлээ.
Тиймээс дэлхийн олон орон 2020, 2021 оны эдийн засгийн цөмрөлтөөс арайхийн гарах гэж байгаа эдийн засгаа унагахгүйн тулд инфляцыг хүчээр буулгах бус, ажиглаж байна. Манай улсын хувьд ч мөн ижил. Дэлхий нийтийн хэмжээнд улс орны эдийн засаг хэт даяаршсан тул хүндрэл гинжин урвал адил тусаж байна.
Түүнээс ганц манай улсын эдийн засаг хямраад уналтад орсон хэрэг биш. Нэгдүгээрт эдийн засгийн өсөлт тэлэлтээ чухалчилна. Засгийн газар, Төв банкны зүгээс инфляцыг нам дор байлгах бүхий л боломж арга хэмжээг авна. Хилийн хорио цээр, тээвэр ложистикийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэнэ.
Бид нэг үеэ бодвол бүтээгдэхүүнийг дотооддоо маш сайн нөөцөлдөг болсон байна. Гурил, будаа, элсэн чихэр мэтийн хүнс 1-2 сарын нөөцтэй байгааг статистикийн мэдээ харуулж байна. Харин хурдан мууддаг нарийн ногоо мэтийн бүтээгдэхүүнүүд яалт ч үгүй тасарч байна гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: НЗДТГ