/2021.07.23/: Токио хот Олимпийн наадмын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хатуу чанга дүрэм журам мөрдүүлж буй юм. Үүний нэг жишээ нь тамирчид болон төлөөлөгчид зөвхөн зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд буудлаасаа гарах бөгөөд ингэхдээ 15 минутын дотор буудалдаа эргэн ирсэн байхыг шаардаж байлаа.
Энэхүү асуудалд тамирчид ихээхэн шүүмжлэлтэй хандсан бөгөөд хэт бага хугацаанд дэлгүүр болон эмийн сан зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг хийхэд амжихгүй байгаа тухай гомдол гаргаад байгаа ажээ.
Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс 15 минутын дүрмийг цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд байна. Гэхдээ хэрэв гарах шаардлагатай тохиолдолд буудлын жижүүрт өөрийн нэр болон өрөөний дугаараа тэмдэглүүлэх ёстой хэмээн Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэлэв.
Хэдийгээр 15 минутын дүрэм хүчингүй болсон ч тамирчдыг зочид буудлаасаа хол явахгүй байхыг анхааруулжээ.
Ковидын өвчлөлийн улмаас Япон улс онц байдал тогтоогоод байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор Токиод хотод халдварын 979 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь нэгдүгээр сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалж: МҮОХ