/2021.10.07/ 2022 оны төсвийн бичиг баримтыг олон нийтэд зарласан. Ирэх жил олон талаас авсан зээлийг хэдий хэмжээгээр төлөхийг багцлан хүргэе.
Засгийн газрын өр 2021 оны жилийн эцсийн байдлаар 31.1 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 61.2 хувьд хүрэхээр төсөөлөгдөж байна.
- Бойнг агаарын хөлөг худалдан авсан зээл:
Засгийн газрын 2013 оны 319 дүгээр тогтоолын дагуу МИАТ /ТӨХК/-ийн Бойнг 767-300ER агаарын хөлгийг худалдаж авахад зориулан 121.4 сая ам.долларын 3 дэд хэсгээс бүрдэх зээллэгт баталгаа гаргасан.
Үүнээс 2 дэд зээллэгийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан бөгөөд 1 дэд зээлийн үлдэгдэл 2021 оны хагас жилийн байдлаар 14.3 сая ам.доллар байна. МИАТ ТӨХК энэхүү зээлийг хуваарийн дагуу,
- 2021 оны сүүлийн хагас жилд 2.0 сая ам.доллар,
- 2022 онд 8.15 сая ам.доллар,
- 2023 онд 2.0 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлнө
Засгийн газрын 1990 оноос 2021 оны эхний хагас жилийн байдлаар түнш орнууд болон олон улсын байгууллагаас авч ашигласан гадаад зээлийн үлдэгдэл 5,753.6 сая ам.доллартой тэнцэж байна.
2022 онд нийт 1,384.0 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаад зээл авч ашиглахаар тооцоолсноос 491.4 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас, БНХАУ-аас 249.3 тэрбум төгрөг, Бүгд найрамдах Энэтхэг улсаас 154.6 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглана.
2. “Самурай” үнэт цаас
Монгол Улсын Хөгжлийн банк 2014 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Японы зах зээл дээр 30.0 тэрбум иений “Самурай” үнэт цаасыг 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй арилжаалсан бөгөөд Засгийн газрын 2013 оны 417 дугаар тогтоолоор Засгийн газар баталгаа гаргасан. МУХБ гэрээний дагуу “Самурай” үнэт цаасны үндсэн төлбөрийг 2023 онд төлөх хуваарьтай байна.
3. БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл
Монгол Улсын Хөгжлийн банк 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162.0 сая ам.долларын 8 жилийн хугацаатай, 6.0 хувийн хүүтэй, зээл авсан бөгөөд Засгийн газрын 2014 оны 116 дугаар тогтоолын дагуу Засгийн газар баталгаа гаргасан. Зээлийн үлдэгдэл 2021 оны хагас жилийн байдлаар 40.5 сая ам.доллар байна. МУХБ-ны зүгээс хуваарийн дагуу 2022 онд 27.0 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлнө.
4. Азийн хөгжлийн банкнаас авч буй хөнгөлөлттэй техник туслалцааны зээл
“Эрдэнэс Монгол” ХХК 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр 35.0 сая ам.долларын ЛИБОР (6 сар) +0.6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлийг Азийн хөгжлийн банкнаас авсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор Засгийн газрын баталгаа гаргасан. Зээлийн үлдэгдэл 2021 оны хагас жилийн байдлаар 9.3 сая ам.доллар байгаа бөгөөд 2031 онд зээл төлөгдөж дуусна.
5. Засгийн газрын тусгай сангийн авлага
Засгийн газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан /ЖДҮДС/, Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-д зээлийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор 2008-2010 онуудад дотоод эх үүсвэрээс буюу Засгийн газрын бондын эх үүсвэр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эх үүсвэр олгосон.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар хоёр сангийн улсын төсөвт эргэн төлөх зээлийн нийт үлдэгдэл 48.3 тэрбум төгрөг байна. Үүнээс:
- ЖДҮДС-д олгосон зээлийн үлдэгдэл 31.6 тэрбум төгрөг,
- ХААДС-д олгосон зээлийн үлдэгдэл 16.7 тэрбум төгрөг байна.
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал