/2021.10.04/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Тэрбээр мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж үг хэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Цаашдаа мод тарьж, ургуулна. Зөвхөн тарихгүй, тарьсан модоо арчилж ургуулна. Дэлхийн удирдагч нар байгаль ертөнцийн төлөө анхаарал тавих цаг болсныг сая болсон НҮБ-ын чуулганы үеэр хэлэлцсэн.
11 дүгээр сард Английн Глазгоу хотноо улс орны удирдагч нар цуглаж цөлжилтийн эсрэг асуудлаар хуралдана. Энэ хуралд би өөрийн биеэр оролцоно.
Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны салбарын мэргэжилтнүүдтэй санаа бодлоо солилцоход тэрбум мод тарьж, ургуулах боломжтойг хэлсэн. Өөрсдийн болон ирээдүй хойч үе, хүүхдийнхээ төлөө мод тарьж ургуулах ажлыг үндэстнээрээ хийх хэрэгтэй.
Мод тарьж, ургуулахын тулд орчин үеийн техник, технологи ашиглана. Мод тарих газрыг айл өрх, ААН-д хуваарилж өгнө. Халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Өөрөөр хэлбэл бидний тарьсан модыг усалчихаад халамжийн мөнгөө авах шаардлага тавина.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс шороон шар шуурга, цөлжилтийн эсрэг 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдгээ амласан юм
Одоо хэрэлдэж, уралцдаг цаг биш ажлаа хийх цаг гэдгийг төрийн тэргүүний хувьд улстөрчдөд хэлж байна. Албан тушаалын төлөө хийрхэх бус улс орныхоо амьдралыг өөд татах цаг болсон.
Ногоон монгол болохын төлөө хамтдаа зүтгэцгээе" гэв.