/2021.10.04/ Төрийн албан хаагчид ковидын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлхээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж эхэллээ.
Нийт 29 байгууллагын 417 албан хаагч Баянгол дүүрэгт, дүүргийн дуудлага мэдээллийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн түр бүлэг, эмийн багц савлах зэрэг ажил хийж байна.
Нийслэлийн онцгой комисс ковидын тусламж үзүүлэх үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллаж байна. Нэг хороонд коронавирусийн 300 хүртэлх тохиолдол бүртгэгдвэл тухайн хорооны ӨЭМТ-ийн эмч, ажилчид хариуцан ажиллана.
Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл нэмэлт багийг ажиллуулж байна гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Мөн тэрбээр “Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 900-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн нэг хороо, 300-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн дөрвөн хороо байна. Дүүрэг бүрийн ачаалал долоо хоногоор өөрчлөгддөг. Өмнөх долоо хоногт Баянзүрх дүүрэг анхаарал татаж байсан бол энэ долоо хоногт Баянгол дүүрэг анхаарал татаж байна. Тиймээс НОК-оос нэмэлт багийг тухайн үед нь менежмент хийн ажиллуулна” гэсэн юм.
Эх сурвалж: Улаанбаатар.мн