/2021.10.01/ E-Mongolia VERSION 2.0 буюу шинэчлэгдсэн хувилбараас онцлох үйлдлийг хүргэж байна.
1. Профайл хэсэгт таны нэрний доор иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх өнгөтөөр харагдана. Өнөөдрөөс эхлээд жолооны үнэмлэхээ орхисон ч и-монголиа аппликэйшн байгаа бол санаа зоволтгүй болсон.
2. Хэрэгцээт үйлдэл хэсэгт өөрийнхөө нийгмийн даатгал, үнэт цаас, зээлийн мэдээллийг харах боломжтой.
3. Нүүр хэсэгт байгаа ажил бүтээхэд тань туслая хэсэгт олон хүний асуудаг асуултад хариулт, мөн хэрхэн үйлчилгээ авах талаар оруулж өгчээ. Үүнд:
- Бичиг баримт гээсэн: Түгээмэл асуултад хариулсан бөгөөд үйлчилгээ авах боломжийг гаргаж өгчээ. Жишээ нь хэрвээ та иргэний үнэмлэхээ алдсан бол ажлын 14 хоногийн хугацаанд 63.300 төгрөг төлөөд хүргэлтээр авах боломжтой юм.
- Жолооч танд: Тээврийн хэрэгслийн даатгал, жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийг хэрхэн өөрийн нэр дээр шилжүүлэх, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, техникийн үзлэгт хамрагдсан байдал гэх асуултад хариу өгч, авах боломжтой үйлчилгээг хавсаргажээ.
- Гэр бүл зохиох: Гэрлэлтээ бүртгүүлэх, гэрлэлт дуусгавар болсон талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэл сэргээх талаар мэдээлэл багтжээ. Мөн үйлчилгээ хэсэгт дарж өөрт хэрэгтэй баримтыг авах боломжтой. Жишээ нь: иргэн танд гэрлээгүй гэх баталгаа хэрэгтэй байгаа бол гэрлэсний бүртгэлгүй лавлагаа хэсэгт хандаад үйлчилгээгээ үнэ төлбөргүй авах боломжтой.
- Хүүхэдтэй болсон: 3 хүртэлх насны хүүхдийн тэтгэмж, жирэмсэн болон амаржсаны тэтгэмж, вакцинд хамруулах хуваарь, хүүхдэд олгох тэтгэмж болон үйлчилгээнүүд багтжээ.
- Орон сууц авсан: Шинэ, хуучин орон сууц авсан бол үүнтэй холбоотой бүхий л мэдээлэл багтжээ.
Хэрвээ төлбөртэй үйчилгээ авч байгаа бол: Бүх банкны интернэт банк ашиглаад QR код уншуулаад, голомт банк бол social pay ашиглах, мөн монпэй данс байгаа бол түүгээр төлөх боломжтой.