Б.Ганхуяг: Ковидтой холбоотойгоор Хятад руу нүүрсээ гаргаж чадахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганхуяг: Ковидтой холбоотойгоор Хятад руу нүүрсээ гаргаж чадахгүй байна

Ярилцлагыг эхээр нь ЭНД ДАРЖ сонсох боломжтой.

Эрдэнэс Тавантолгой компанийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Б.Ганхуягтай ярилцлаа.

Эрдэнэс Тавантолгой компани 2021 оны есдүгээр сарын байдлаар дараах үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Экспортолсон нүүрс: 5,6 сая тонн
  • Олборлосон байх ёстой: 13 сая тонн
  • Олборлосон нүүрс: 8,1 сая тонн
  • Борлуулалт тасарсан хувь: 32,3%
  • Сүүлийн 3 жилийн цэвэр ашиг: 2018 онд 700 тэрбум, 2019 онд 1 их наяд, 2020 онд 137 тэрбум төгрөг
  • 2022 онд төлөвлөсөн: 18 сая тонн

ХЯТАДЫН ТАЛЫН 800 ГАРУЙ САЯ ДОЛЛАРЫН НҮҮРСИЙГ НЭН ТҮРҮҮНД

ГАРГАЖ ӨГӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙНА

-Танай компанийн экспортын болон борлуулалтын төлөвлөлт нэлээд хувиар тасарчихаад байна. Нөлөөлж байгаа гол шалтгаанууд нь юу вэ?
-2021 он бүхий л бизнес эрхлэгчдийн хувьд тэр тусмаа нүүрсний салбарт хүндээр тусаж байна. Өнөөдрийн байдлаар бид 5,6 сая тонн нүүрс экспортолж, 13 сая тонн нүүрс олборлох ёстойгоос 8,1 сая тонныг олборлоод байна. Борлуулалт 32,3 орчим хувиар тасарсан. Энэ бол бүх л уурхайд тохиолдож байгаа нөхцөл байдал. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон компаниуд төрөл бүрийн арга хэмжээг авч байна. Компанийн борлуулалт тасарсан өөр нэг шалтгаан нь уртын тээвэр зогссон. Хяналт тавихад хүндрэлтэй байсан учир зогсоосон юм. Уурхайгаас аман нөхцлөөр зарах харилцаа нь хязгаарлагдмал байна. Бид өнөөдрийн байдлаар аман дээрээс 1 тонн нүүрсийг чингэлэгт терминал нөхцөлтэйгээр 156 доллараар борлуулж, 180 орчим сая долларын борлуулалт хийсэн үзүүлэлттэй.

Цаашид хил гаалийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол 2022 оны нэгдүгээр улиралд БНХАУ-д Өвлийн олимп болно. Үүнтэй холбоотой нэлээд хязгаарууд тавигдах юм. Энэ бол манай улсын Засгийн газар болон экспорт хийж байгаа бүхий л компанийн өмнө адилхан тулгамдаж байгаа асуудал.

-Хилийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд экспортын терминалыг нээх гэж байна гэсэн. Энэ ажил юу болж байна?
-Энержи Ресурс болон Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Таван толгой компаниуд хамтран экспортын терминалыг байгуулсан. Засгийн газраас Боомтын үндэсний зөвлөл идэвхтэй ажиллаж байна. Энэ терминал ажиллаж эхэлснээр жолооч нар болон төрийн байгууллага хоорондоо контакт үүсгэхгүй ажиллана.

-Яг өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Жолооч нарын дунд өдрөөс өдөрт эерэг тохиолдлууд нэмэгдэж байна. Бусад байгууллагатай хамтран, жолооч нарыг 10-14 хоног байрлуулах ажлыг зохион байгуулаад хоёр сар гаруй боллоо. Гэсэн хэдий ч эерэг тохиолдол гарсаар байна. Хятадын тал энэ дээр маш өндөр хяналт, хариуцлагатай хандаж байгаа. Сүүлийн өдрүүдэд өдөрт 250-300 машин гарч байна. Энэ нь шаардлага хангахгүй л дээ. Яагаад гэвэл бид өдөрт 1200-1300 хүртэл чингэлэг гаргадаг байсан. Энэ түвшиндээ хүрэхийн тулд яриа хэлэлцээг эрчимжүүлэх, халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлыг хангахын тулд талууд ажиллаж байна.

-Хятадын тал манай талд төвлөрөөд байгаа нүүрсээ авч байж, шинээр худалдан авалт хийнэ гээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Гашуун сухайт, Цагаан хад орчимд өнөөдрийн байдлаар 8,9 сая тонн буюу 800 гаруй сая долларын нүүрс төвлөрөөд байна. Энэ бол БНХАУ-ын худалдан авагч компаниудын мөнгөн хөрөнгө түгжигдчихээд байна гэсэн үг. Бизнесийн харилцаагаа бодсон ч мөнгөө төлсөн тал өөрийн бүтээгдэхүүнийг авах эрх үүсэх нь зүй. Энэ хүрээнд манай Засгийн газар, УУХҮЯ, Зам тээврийн яам, Сангийн яам адил байр суурьтай байгаа. Хятадын талын их хэмжээний мөнгө саатсан байгаа тул үүнийг нэн тэргүүнд гаргах нь зүй ёсных. Үүнээс илүү боломжийг бий болгохын тулд халдваргүйжүүлэлт, ковидын асуудлыг шийдэх шаардлагатай.

-Яагаад өнөөдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд жолооч нарын халдвар хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхгүйгээр удчихав аа. Үүнээс үүдээд бид хятад улсад нүүрс экспортлох боломжоо алдаж байна шүү дээ.
-Манай компани тээвэрлэлтэд ордоггүй. Энэ нь эрсдлийг 0 болгодог. Гэхдээ “Бидэнд хамаагүй” гээд орхичихоогүй. Цагаан хаданд байрлаж байгаа дотоодын цэргийн зардал, халдваргүйжүүлэлт болон эрүүл мэнд, эмчилгээ оношилгоотой холбоотой бүх зардлын 60 хувийг манай компани хоёр жилийн турш гаргаж байна. Энд 60 дотоодын цэргийн алба хаагч ажиллуулж байсан бол нэгдүгээр сарын 1-нээс энэ тоог 120 болгох, эмнэлэгийн 11 хүнтэй баг нэмж ажиллахаар, халдваргүйжүүлэлтийн томоохон техник төхөөрөмжөөр ханган ажиллахаар болсон. Энэ бүхний зардлын 60 хувийг манай компани гаргана. Тээврийн компаниудыг дэмжих, жолооч нарыг дэмжин ажиллаж байна. Ирэх жилээс манай компанид тээвэрлэлт хамаатай болох учир бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

БИД ХИЛЭЭ НЭЭГЭЭЧ ГЭДЭГ САНАЛЫГ Л ТАВЬЖ БАЙНА

-Энэ нөхцөл байдалтай холбоотой нүүрсний үнэ тонн тутамдаа ихээр өсөж байгаа гэсэн үү?
-Хятадын тал Цагаан хад Гашуун сухайт хоёрын хоорондох хэдхэн км-т их хэмжээний үнэ тавьж байна. Энэ бол монгол талаас хамаарч байгаа үнэ биш гэдгийг ойлгохыг хичээгээрэй. Хятад талаас өөрийнхөө нэгэнт түгжсэн мөнгийг эрсдэл гарган татахын тулд өндөр үнэ зарлаж байна, мөн гуравдагч этгээдүүд буюу зуучлагчид ажиллаж байна. Энийг шийдвэрлэх гарц нь терминал, орчны газруудыг бизнесийн тусгай хэрэгцээнд авах зэрэг арга хэмжээ. Төлөвлөгөө, схемийг хийгээд явж байна. Үр дүнд хүрвэл цаашид олон жилийн хугацаанд хилийн гарц, орцтой холбоотой зовлон ирэхгүй байх гэж харж байна.

-Хятадад эрчим хүчний салбар нь уналтанд орж, эрчим хүчний нүүрсний шаардлага ихээр үүслээ. “Монголын талаас авах нүүрсний хэмжээгээ өсгөе” гэж Хятадын мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна. Танай компаниас харилцагч талдаа ямар нэгэн санал тавьсан уу?
-Бид хилээ нээгээч гэдэг л санал тавьдаг. Цагаан хаданд төвлөрөөд байгаа 8,9 сая тонн нүүрсний 1,3 сая гаруй тонн нь эрчим хүчний нүүрс. Энэ хятадад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Манай агуулахад 1,8 сая тонн эрчим хүчний нүүрс байна. Үүнийг ч нийлүүлэхэд бүрэн бэлэн. Гол нь цар тахалтай холбоотой хилийн нэвтрэлт л байна. Үнэ нь өсөж, эрэлт хэчнээн их байгаа ч нэг машин ч гаргаж чадахгүй нөхцөлд шаардлагатай хэмжээний эрчим хүчний нүүрсийг хангана гэдэг нь эрсдэлтэй байгааг ойлгох хэрэгтэй. Боломж л байвал бид олгоно. Эрчим хүчний нүүрсийг нийлүүлэх тал дээр бид нэлээд хэдэн компанитай гэрээтэй ажилладаг. Эдгээр компанидаа хөнгөлөлт үзүүлдэг. Хятадын талаас мөн нүүрсний чанарын өөрчлөлтөд хэлбэлзэл гаргахгүйгээр нийлүүлэхийг хүсдэг. Энэ шаардлагад нийцүүлэхийн тулд хуурай баяжуулах үйлдвэр байгуулж, 16-аас доош үнслэгтэй, эрчим хүчний зориулалттай нүүрс жилд 4-8 сая тонныг гаргахаар бэлтгэж байна.

-Нарийн царигтай Хятад улсад нүүрс нийлүүлэх гэж байгаа атлаа Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигтай барьж байгаа нь ямар учиртай вэ? Ачиж, буулгах гэдэг их хэмжээний ажил нэмж байгаа хэрэг биш үү?
-Энэ төмөр замаар Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлээд Ганц модны 3,2-3,6 км-т очно. Тэнд төмөр зам болон автозамын нэгдсэн терминал байгуулагдана. Тэр терминал дээр ачиж, буулгах үйл ажиллагаа явагдана. Хятадын тал төмөр зам, авто замаар авах эсвэл жолоочгүй тээвэр, цамхагт контейнерээр авах гээд бүх боломжийг нь бид хангаж өгнө. Царигийн хувьд Монгол Улсын өөрийн стандарт нь өргөн царигийн төв магистрал. Зөвхөн Гашуунсухайт ч биш бусад төмөр замтайгаа холбогдоно. Мөн нүүрс л тээвэрлээд байхгүй шүү дээ. Олон төрлийн бизнес энэ төмөр замаар явна. Тиймээс энэ бүхнийг холбох артерын бүдүүн судсан дээр нарийн судас оруулахгүй гэсэн бодлого юм болов уу гэж би ойлгож байгаа.

-Хэзээ ашиглалтад орохоор байна?
-2022 оны долоодугаар сарын 1-ний өдөр ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй.

2,3 ИХ НАЯДЫН ӨР ГЭЭД БАЙГАА НЬ БИЧИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ҮҮССЭН АНДУУРАЛ

-Танай байгууллагын богино болон урт хугацааны өр нийлээд оны эхний хагас гэхэд 2,3 их наяд төгрөг болжээ. Яагаад?
-
Үүний 1,2 их наяд нь төрийн мэдлийн хувьцаанд хуваарилсан ногдол ашгийн өглөг 880,2 тэрбум төгрөг, бондын эхний трачийн 347 тэрбум төгрөг юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Монголын төмөр зам компани 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үнэт цаас хэлбэрээр гаргасныг бид санхүүжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1 их наяд 57 тэрбум төгрөгийн санхүүжилтийг манай компаниас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд хийгээд байна. Энэ бол Засгийн газрын тогтоол, холбогдох салбарын яамны удирдамж, мөн манай байгууллагын ТУЗ-ийн шийдвэрээр хийгдсэн ажил. Тэгэхээр энэ 1,2 их наяд төгрөг нь гарчихсан мөнгө гэж хэлж болно.

Богино хугацааны өр төлбөр гэж байдаг. Энэ богино хугацааны өр төлбөрийн ихэнх хувь нь урьдчилсан борлуулалттай холбоотой. Манай компани нүүрсээ урьдчилан борлуулдаг буюу барьцаа болон урьдчилгаа төлбөрийг эхэлж авдаг болсоор гурван жил болж байна. Мөн 2020 оны арванхоёрдугаар сард хоёр банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингээд бодвол нийт 2,3 их наяд төгрөгийн харилцаа үүсгэж байна. Тэгэхээр 1,6 их наяд төгрөг нь санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой, 395,0 тэрбум төгрөг буюу Тавантолгой түлш компанид нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулагдаж байна. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ санхүүжилтийг төрийн өөрийн ногдох хувь хэмжээнээс гарч байгаа гэж ойлгож болно. Харин Улсын их хурлаар Ирээдүйн өв сангийн хуульд өөрчлөлт оруулж байж 1,6 тэрбум төгрөгийг хэрхэн бичих вэ гэдгийг шийдээд явна.

-Эхний хагас жилд 2,3 их наяд байгаа оны эцэс гэхэд 3 их наядад хүрэх юм байна гээд байгаа шүү дээ.
-Энэ бол нэгдүгээр транчийн дараах буюу 347 тэрбум төгрөг орж тооцогдсон. Одоо хоёрдугаар транчийн 600 гаруй тэрбум төгрөг орно. Гуравдугаар транч арванхоёрдугаар сард зарлана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг олон улсын хэлбэрээр зарлагдана. Ингээд өр төлбөр нийтдээ 3,2 орчим их наяд төгрөг болно гэсэн үг. Үүнээс 1,6 их наядыг нь бичилтийн хувьд хасах ёстой. 800 гаруй тэрбум төгрөгийг урьдчилан борлуулсан гэсэн хэлбэрт шилжүүлнэ. Эцэст нь, бондын өөрийнх нь санал болгож, иргэд болон хөрөнгө оруулагчдаас боссон үндсэн хөрөнгө үлдэнэ. Энэ бол өглөг гэсэн үг. Үүнийг гурван жилийн хугацаанд төлнө.

2022 ОНООС ЖОЛООЧГҮЙ ТЭЭВРИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА

-Цаашдаа хэрхэх төлөвлөгөөтэй байна. Жишээ нь, тээврийн үнэ ихээр нэмэгдсэн асуудлыг яах вэ?
-Бид тээвэр хийдэггүй. Аман нөхцөлтэйгээр борлуулдаг. Цаашдаа автозам, төмөр замын терминал байгуулагдах учир бид тээвэрлэлт хийх ажил руу ханцуй шамлан орсон. Терминалтай холбоотойгоор, шууд терминалд хүргэх нөхцөлтэйгээр бүтээгдэхүүнээ 156 доллараар борлуулаад эхэлсэн. Эхний ээлжинд 70 гаруй сая долларын борлуулалт хийгээд байна. Дараа жилээс төмөр зам болон авто зам ашиглалтад орохоор тээврийн одоогийн хяналтгүй нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд ЭрдэнэсТавантолгой компани орохоос өөр аргагүй. Ирэх жил дандаа хил нөхцлөөр борлуулалт хийнэ.

-Танай компанийн хувьд ирэх онд хэчнээн тонныг олборлож, борлуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Компани цар тахлын үеийн төлөвлөгөөг гурван жилийн хугацаатайгаар гаргасан. Энэ төлөвлөгөөний үр дүнд 2020 онд асуудал гараагүй. 2021 онд эрсдэл багатайгаар даван туулах нөхцөл бүрдсэн. 2022 онд 18 сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөсөн. Хилийн нөхцөл байдал сайн байвал 4 сая тонн нүүрс нэмж олборлож, борлуулах төлөвлөгөөтэй.

-Шинэлэг байдлаар хэрэгжүүлэх алхам бий юу?
-Аль болох хүн хоорондын хавьтлыг бага байлгах ажиллагаа руу дэлхий нийт шилжиж байна. Манай компанийн хувьд 2022 онд AGB буюу жолоочгүй тээврийн харилцаа руу орох бэлтгэл ажлыг хангана.

-Ноогдол ашиг тараах уу?
-2020 онд ноогдол ашиг тараасан. Харин ойрын хоёр жилдээ төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж, бизнесийн хэвийн үйл ажиллагаанд орж, одоогийн ашиг гэхээсээ илүүтэй цаашид тогтвортой байдлаар ашиг орлогоо авдаг байх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ асуудлыг ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэнэ.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт ямар үйл явцтай байна?
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 418 км төмөр замын бүтээн байгуулалт явагдаж байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд болон Зэвсэгт хүчний жанжин штаб цэргийн зохион байгуулалтаар орж, энэ ажлыг богино хугацаанд бага өртөгтэйэгэр зохион байгуулсан. 2023 он гэхэд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэйгээр явагдаж байна. Зарим бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд хоцорсон асуудал бий. Нөхөх төлөвлөгөө хөтөлбөр нь гарчихсан.

ШИЙДВЭР: Халамжаас хөдөлмөрт шилжинэ
ШИЙДВЭР: Халамжаас хөдөлмөрт шилжинэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.