Эрүүл мэндийн салбарын ажилчид хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавин төв талбайд 11 хоногийн турш суулт хийгээд байгаа билээ.
/2021.07.09/
Тэгвэл өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн салбарынхныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд энэхүү суултыг улстөржилт орсон гэдгийг хэлсэн бөгөөд бусад салбарын ажилчид адилхан хүнд хэцүү байгаа ч энэ хүнд үеийг ойлгон иймэрхүү асуудлыг хөндөхгүй байгаад баярлаж байгаагаа хэлсэн юм.
Тэрээр Монгол улсын төсөв цар тахалтай тэмцэхэд шаардлагатай халамж, вакцин, шинжилгээ зэрэгт их санхүүжилт хийснээс шалтгаалан 1 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг хэлэв. Мөн цар тахлын үед Эрүүл мэндийн салбарт их хэмжээний санхүүжилтийг хийсэн бөгөөд сүүлийн 2 жилд л гэхэд Эрүүл мэндийн салбарын 30 жилд хийгдэх санхүүжилттэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Төсөв баталсан, УИХ-ын чуулган хаасан учир дахин хуралдуулах боломжгүйг хэлээд тангараг өргөсөн эмч хүн аливаа улс төрийн ятгалгад автах ёсгүй, хэрэв энэ хүнд хэцүү цаг үед Эрүүл мэндийн салбарыг турхирсан, дотор нь хуваасан ийм үйлдэл дахин давтагдвал цаад улстөрчдийн нэрийг зарлан өөрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ хэмээв.
Эцэст нь энэ хүнд үеийг даван туулахад ханцуй шамлан ажиллаж буй Эрүүл мэндийн салбарынхандаа талархаж байгаагаа хэлээд тавьж буй шаардлагыг хэлэлцэж байгаа бөгөөд аль болох шийдвэрлэж өгөхийг хичээхээ мэдэгдэв.
Эх сурвалж: Монгол улсын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба