/2021.07.09/: ЗТХ-ийн сайд Л.Халтар өчигдөр сэтгүүлчдийн хамт Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын шинэчлэлийн байдалтай газар дээр нь танилцав. Түүний энэхүү хяналт, шалгалт нь анхных биш бөгөөд тэрээр уг автозамын ажил нь ахицтай явж байгааг дурдсан юм.
ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлэхдээ:
-Хүлээлт бий, яагаад гэвэл энэ чиглэлийн автозам нь нэгд, АХБ-ны болон Европын Сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк (ЕСБХБ)-ны гэсэн зэрэгцээ автозамын 2 төсөл хэрэгжиж буй. Хоёрт, олон улсын чанартай энэ замыг 3-5 үеийн хучилттайгаар нарийн технологийн дагуу тавьж байгаа тул үйл ажиллагаа ихтэй, бүтээн байгуулалтад цаг хугацаа шаардаж байгаа. Тодруулбал, Засгийн газар 2018 онд Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийн автозамын хэсэг болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг 4 эгнээ, хатуу хучилттай болгон өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм.
Ингэснээр үндсэн ашиглаж байгаа 2 эгнээ замыг АХБ-ны "Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, засварлаж арчилах" төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж, улмаар ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтаар мөн шинээр нэмж 2 эгнээ, нийт 4 эгнээ автозамыг 5 багцад хуваан тавихаар төлөвлөсөн.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6 гэхэд 1 дүгээр багцын замыг нээсэн. Ингэснээр эхний төслийн 130 км зам бүрэн хатуу хучилттай болж байна. Харин 2-4 дүгээр багцын ажил нь гүйцэтгэгч болон захиалагч, хяналт тавих, зөвлөх болон санхүүжүүлэгч байгууллага, компаниудын хооронд маргаантай байдал үүссэнээс хүндрэлтэй байгаа. Үүнийг бид хурдан шийдэхийн төлөө ажиллаж байна гэв.
Тэгвэл энэхүү ажлын тендер хэзээ зарлагдаж ажил нь хэзээ эхлэхийг тодруулахад:
-Уг нь тендер зарлагдаад манай яам саналаа АХБ-нд хүргүүлээд байгаа. Өчигдөр хүртэл холбогох уулзалтыг хийлээ. Гол нь энэ хоёр багцын өмнөх гүйцэтгэгч компаниуд худрагагүй байдал гаргаснаас дахин ажил ундарч байна. Бид хуулийн байгууллагад хандаж хариуцлага хүлээлгэнэ. Хамтарсан комисс гаран ажлын гүйцэтгэлийг хянаж шалган ажиллаж байна. Гэхдээ юуны өмнө дахин тендерээр замаа хурдан тавих нь чухал болоод байна.
Ер нь бол зөвлөх компани гэдэг гүйцэтгэгч болон захиалагч хоёрын гол гүүр болж байх ёстой. Учир нь гүйцэтгэгчийн хийсэн ажлыг зөвлөх компани баталгаажуулаад өгөх ёстой. Тэр үр дүнгээр л бид явах ёстой юм. Энэ үүднээс бид зөвлөх ICT компанитай хамтран ажиллаж, энэ талаарх нилээд асуудлыг тавьж шахан ажиллаж байна.
Улаанбаатар-Дарханы замын ажилд оролцож байгаа компаниуд замын ажил саатаж байгаа шалтгааныг хил гааль хаагдсантай холбосон бол сайд Л.Халтар үүнийг үгүйсгэж "Зөвхөн хар тосыг хилээр оруулж ирдэг бөгөөд түүнийгээ авчихсан, бусад түүхий эдийг Монголдоо бэлтгэж байгаа тул хил хаасан асуудал нь автозамын удаашралд хамаагүй" гэлээ.