/2021.07.09/: ”АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АСУУДЛААР НОТОЛГООНД СУУРИЛСАН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ НЬ” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар урт, дунд, богино хугацаанд баримтлах бодлогуудын хэрэгжилтийг хангах болон албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах шинэ бодлого төлөвлөж хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг бий болгох.
Ковид-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлсэн нөлөөллийг тодруулах зорилгоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд ХНХЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институттэй хамтран “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г гүйцэтгэж, урьдчилсан үр дүнгээ танилцуулсан билээ.
Судалгааны үндсэн зорилго нь:
1. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн өнөөгийн дүр төрхийг гаргах
2. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, байдлыг тодорхойлох
3. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн харилцааны талаар ойлголттой болох
4. Албан бус хөдөлмөр эрхэлж байгаа учир шалтгааныг нарийвчлан илрүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс албан хэлбэрт шилжих боломж, арга замыг тодорхойлох
5. Төр, захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл болон хөдөлмөр эрхлэлтийн бодлого, арга хэмжээний талаарх санал бодлыг тодруулах
6. Тэдний хөдөлмөр эрхлэлт дэх Ковид-19 цар тахлын нөлөөлөл, цар тахлын үед засгийн газраас хэрэгжүүлж байгаа дэмжих бодлого, хөтөлбөр албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хэр хүртээмжтэй байгаа зэргийг тогтоох байв.
Уг судалгаанд 3000 албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хамруулсан юм. Саяхан байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрт нийгмийн түншлэгч талууд албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлогыг шинэчлэх, албан бус бизнес эрхлэгчдийг албан салбарт шилжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.
Судалгааны ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлагууд, нийгмийн түншлэлийн байгууллагууд, Олон улсын байгууллагууд, Нийслэл, дүүргийн холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачдын дунд бодлогын цуврал семинарыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэ удаагийн эхний семинар нь уг түүврийн судалгааны үр дүнг бодлогын зорилгоор нарийвчлан авч үзэх, тэр дундаа албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, албан эдийн засагт шилжих боломж, тэдэнд цар тахлын үзүүлж буй нөлөөний талаар судалгаанаас гарч буй асуудлуудаар бодлогын зөвлөмж боловсруулах ажлыг эхлүүлэх зорилготой юм.
Семинарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Нийгмийн даатгалын ерөнхий газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Удирдлагын академи, Нийслэлийн дүүргүүдийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам