УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдлаа

/2021.07.08/: Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 8 цаг 55 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 15 гишүүн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг санаачлан боловсруулж, энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Иймээс уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхээ дангаар эдэлж, Улсын Их Хурлын төсөв батлах бүрэн эрх хязгаарлагдсан зэргээс үүдэн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлан зохицуулахаар болсон.

Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог...” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоосон.

Эдгээр хэрэгцээ, шаардлага, үндэслэлийг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/4ezyn

Гадаадын иргэдэд визийг цахимаар олгоно
Гадаадын иргэдэд визийг цахимаар олгоно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.