/2021.07.07/: 2017-2019 онд олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргасан ХБИ-д олгох урамшууллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас нэг удаа гаргахаар шийдвэрлэлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно." гэж заасан ч хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой тусгаагүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуульд заасан урамшууллаа авч чадахгүй нөхцөл байдал үүссэн.
Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2017-2019 онд олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож, амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох урамшууллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас нэг удаа гаргахаар шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолоор Олон Улсын Олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах, урамшуулах харилцааг зохицуулж байна.
Энэхүү журмын 1 дүгээр хавсралтад дурдсаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг бусад тамирчны нэгэн адил урамшуулдаг болсон.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг урамшуулах асуудлыг дээрх журмын 1 дүгээр хавсралтад дурдсаны дагуу бусад тамирчдын нэгэн адил урамшуулж, холбогдох хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулахаар тогтлоо.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам