/2023.4.11/ “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд өчигдөр мэдээлэл хийлээ.
Нүүрсний сонсголыг энэ дөрөвдүгээр сарын 10,11,12-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголыг нээлттэй зохион байгуулахаар товлон зарлаад байсан.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг олон нийтэд мэдээлж, зарлах үүрэгтэй.
Хянан шалгах түр хорооны хурлын явцад Авлигатай тэмцэх газраас, тус нээлттэй сонсгол нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33.9-д заасан “Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.
Нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж байгаа дийлэнх гэрч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн Хянан шалгах түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд мөрдөн байцаах ажиллагааны нууц задлах, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах магадлалтай.
Мөн хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр зарим хүнийг нийгэмд гэм буруутайд тооцох зэрэг эрсдэл байна гэж үзэж, нээлттэй сонсголыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн талаар дурдав.
Энэ дагуу Хянан шалгах түр хороо хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд Авлигатай тэмцэх газрын хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн санал нэгтэйгээр нээлттэй сонсголыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Хянан шалгах түр хороо нь 2022 оны 6 дугаар сарын 10-нд байгуулагдсан. Өнгөрсөн есөн сарын хугацаанд шинжээч, хянан шалгагчдыг томилон ажиллуулж, төрийн болон хууль хүчний байгууллагуудаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, шинжлэн судалж ажилласан юм.
Эх сурвалж: УИХ