/2023.04.03/: Оросын Вагнер хөлсний бүлэглэлийн тэргүүн Украины Бахмут хотын захиргааны дэргэд Оросын далбааг мандуулсан гэж мэдэгдэв.
Энэхүү бичлэгийг шөнөөр хийсэн бөгөөд уг бичлэг дээрээ Евгений Пригожин Бахмут одоо "албан ёсоор" оросынх болсон гэжээ.
Гэсэн хэдий ч Украины цэргүүд баруун дүүрэгт төвлөрсөөр байгааг тэр хүлээн зөвшөөрсөн байна.
Украин уг бичлэгийг үгүйсгэж байгаа бөгөөд Украины арми Бахмут хотыг одоо ч эзэмшиж байгаа гэж мэдэгджээ.
"Дайсан Бахмут руу довтлохоо зогсоогоогүй. Гэсэн хэдий ч Украины хамгаалагчид дайсны олон довтолгоог няцааж, зоригтойгоор хотыг барьж байна" гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдэв.
Дайны судалгааны хүрээлэнгийн хийсэн дүн шинжилгээгээр ням гарагийн байдлаар Оросын цэргүүд Бахмут хотыг өмнөд болон зүүн талаас нь бүслэхийг оролдсон ч Украины арми хотын ихэнх хэсгийг мэдэлдээ байлгасан хэвээр байгаа аж.
ISW-ийн мэдээлснээр Вагнер Бахмут дахь тулалдааны үеэр их хэмжээний хохирол амссан. Вагнерын элсүүлсэн хүмүүсийн ихэнх нь Оросын шоронгоос суллагдсан ялтнууд бөгөөд тус бүлэглэлийн тоог нэмэгдүүлэхийн тулд цэрэгт татагдсан байна.
Бахмут хотод Оросын энгийн армийн цэргүүд болон Вагнерын цэргүүд тулалдаж байгаа аж. Хотыг хяналтандаа авахын төлөөх тулалдаанд Орос, Украины олон мянган цэргүүд амиа алдсан бөгөөд Оросын хохирол Украиныхаас хамаагүй өндөр байгаа гэж үзэж байна.
Бахмут нь стратегийн ач холбогдол багатай ч Украин үүнийг Оросын цэргийн техник, хүн хүчний хувьд чухал ач холбогдолтой гэж үздэг.
Их Британийн Батлан хамгаалах яам 12 дугаар сард тэмдэглэснээр, хотыг эзлэн авснаар "ОХУ-ын Краматорск, Славянск зэрэг томоохон хот суурин газруудад заналхийлэх боломжтой болох юм" гэжээ.
Эх сурвалж: ВВС