/2023.01.02/ Шинэ жилийн баярын үеэр БНСУ-д амьдардаг монгол иргэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тус улсын Кёнги мужийн Почон хотод энэ сарын 2-ны өдрийн үүрийн 04.15 цагт "Б" гэх монгол иргэний амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна. Тус хэргийг "А" гэх 50 настай монгол иргэн үйлдсэн нь тогтоогдсон байна. Улмаар түүнийг баривчлан шалгаж байгаа аж.
Кёнги мужийн Почон хотын цагдаагийн хэлтсийн мэдээлснээр, А нь Б-н байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хутгалан амийг нь хөнөөжээ.
А, Б нар анх 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд солонгост амьдарч буй монголчуудад зориулсан оны төгсгөлийн үдэшлэг дээр танилцсан байна. Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаад өнгөрчээ. А нь өөрөөсөө дүү Б-г өөрийг нь үл тоосон хэмээн согтуу үедээ гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна.
Тэгвэл бид энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, "Гадаад харилцааны яам БНСУ дахь Элчин сайдын яам, Консулын газартай байнгын холбоотой ажиллаж байна. Мөн тухайн иргэдийн ар гэртэй холбогдож мэдээлэл хүргүүлсэн. Одоогоор гэр бүлийхэнд нь шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн хохирогчийн ар гэрээс БНСУ руу явуулах болон бусад холбогдолтой арга хэмжээг авахаар ажиллаж эхэлсэн" гэлээ.