/2022.10.18/: Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, сүүлийн үеийн шилдэг технологийг судлан нэвтрүүлэх, түншлэлийн хүрээгээ тэлэх хамгийн том боломж олгодогоороо дэлхий нийтэд алдартай “Кантон файр” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 15-24-нд, 132 дахь жилдээ “Худалдааны гүүр” нэрийн дор зохиогдон байгуулагдаж байна.
Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Хятадын Худалдааны яам, Гуандун мужийн Ардын Засгийн газраас уг үзэсгэлэнг онлайнаар зохион байгуулж байгаа бөгөөд онлайн дэлгэцийн платформ, ханган нийлүүлэлт худалдан авалтыг холбох үйлчилгээ, хил дамнасан цахим худалдааны тусгай бүс гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа аж.
Хятадын импорт, экспортын голлох бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхий нийтэд дэлгэн үзүүлдэг уг үзэсгэлэнд энэ удаад 35.0000 компани оролцох бөгөөд 16 бүлэг бүхий талбайд нийт 1.8 сая бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна.
Виртуал үзэсгэлэн худалдаанд оролцогчид болон худалдан авагчид тухайн байгаа газраасаа онлайн хэлэлцээр, ханган нийлүүлэлт, B2B (бизнесээс бизнест) уулзалтад хамрагдаж, түншлэлээ өргөжүүлэх боломжтой төдийгүй үзэсгэлэнгийн бүх онлайн үйлчилгээ, мэдээллийн системийг 2022 оны аравдугаар сарын 15-наас таван сарын турш ашиглаж болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Мөн хайлтын үр дүнг оновчтой болгох үүднээс VR үзэсгэлэнгийн танхимдаа олон шинэ технологи, үйлдлийг нэвтрүүлжээ. “Кантор файр” үзэсгэлэн нь 1957 онд анх зохион байгуулагджээ. Хамгийн их бизнесийн эрэлттэй олон улсын худалдааны энэхүү цогц арга хэмжээнд Монгол улсаас уул уурхай, хөрөнгө оруулалт, бизнесийн төлөөллүүд оролцож байна. Виртуал Кантон файр үзэсгэлэнд оролцогчид ирэх оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл холбогдож оролцох боломжтой аж.