/2022.09.28/: “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган"-ны үдээс хойших хэлэлцүүлэг Эрчим хүчний шилжиилт, шинэ технологи сэдвийн хүрээнд өрнөж байна.
Ирээдүйн эрчим хүч, Монголын устөрөгчийн зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Бямбасайхан: Устөрөгчийн салбар ирээдүйд маш сонирхолтой сэдэв болох төдийгүй бизнес болно
-Сүүлийн үед устөрөгчийн салбарыг нэлээд ярьж байна. “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогод энэ талаарх нэлээд олон заалт орсон байгаа. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ч мөн энэ талаар дурдсан байдаг. Устөрөгч бол дэлхий дахинд төдийгүй манай улсын хувьд шинэ салбар. Энэ салбарт цаг тутамд шинэ технологийн салбар нээлт хийж байгааг та бүхэн харж байгаа. Мөн энэ салбар ирээдүйд маш сонирхолтой сэдэв болох төдийгүй бизнес болно гэдэгт итгэлтэй байна.
Одоо бидэнд хоёр асуудал гарч ирж байна. Нэгдүгээрт, манайх цаашид устөрөгч гаргаж авч чадах эсэх. Хоёрдугаарт, гаргаж авсан тохиолдолд экспортолж чадах эсэх. Хэрэв Монгол Улс устөрөгч гаргаж авч чадвал экспортлох тал дээр газарзүйн хувьд нэлээд том давуу талтай. Нэгэнт газарзүйн хувьд давуу талтай юм чинь энэ салбарт ногоон устөрөгчийн төслүүд хэрэгжүүлэх нь зүйтэй.
Өнөөдөр БНХАУ-д ногоон устөрөгчийн чиглэлээр 100 гаруй төсөл хэрэгжиж байна. Ихэнх нь хойд хэсгийн бүс нутагт хэрэгжиж байгаа төслүүд байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж ногоон устөрөгч гаргаж авч, улмаар зах зээл дээр хэрэглэнэ гэсэн томоохон стратегийг боловсруулаад явж байна.
Хэрэв Монгол Улс өнөөдрөөс энэ салбарт хөрөнгө оруулаад эхлэвэл ирээдүйд томоохон тоглогч болох боломжтой. Үүний төлөө Устөрөгчийн зөвлөлийг байгуулсан гэлээ.